
Монгол Улсын иргэн 43 настай эмэгтэй 181,8 гр мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өөрийн бие болон эд зүйлд нуун далдаж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг ЦЕГ, ГЕГ хамтран илрүүллээ.
Дээрх этгээдээс биологийн дээж авч түргэвчилсэн шинжилгээ хийж үзэхэд метафитамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Сэжигтэй этгээд биедээ нуун оруулж ирсэн 54,8 гр ачаа тээшинд 127 гр нийт 181,8 гр агууламжтай мөс гэх нэршилтэй бодисыг тус тус эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 254 хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгасан.
Дээрх гэмт этгээдүүдийн 197 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй, 13-56 насны иргэд байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсний улмаас 10 хүн нас барж, 204 этгээд ял шийтгэл эдлэн хоригдож байна.
Энэ хугацаанд 5 тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий 85334 хүн нэг удаа мансуурах хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хураан авч хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна
.






