
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улс Палестиныг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө хэмээн мэдэгджээ. Тэрээр НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөөд байгаа ба “Газын зурваст болж буй дайныг даруй зогсоож, энгийн иргэдийг аврах хэрэгтэй байна.
Галаа зогсоож, барьцаанд байгаа иргэдийг суллаж, Газын зурвасын хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. ХАМАС бүлэглэлийг цэрэг зэвсэггүй болгох, Газын зурвасын аюулгүй байдлыг хангаж, сэргээн босгон, Палестин улсыг байгуулж, оршин тогтнох боломжийг нь олгох хэрэгтэй байна.
Цэрэг зэвсгээс ангижирч, Израилыг хүлээн зөвшөөрснөөр Палестин улс Ойрх Дорнодын аюулгүй байдал, энх тайванд хувь нэмрээ оруулах болно.” хэмээн X нийгмийн сүлжээнд бичжээ.
2024 оны 5-р сард Норвег, Ирланд, Испани улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Палестин улсыг НҮБ-ын гишүүн 193 орны 143 нь хүлээн зөвшөөрөөд байгаа бол АНУ, Их Британи, ХБНГУ болон Израил зэрэг улс орнууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа юм. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ерөнхийлөгч Э. Макроны шийдвэрийг буруушааж буйгаа илэрхийлсэн бол ХАМАС бүлэглэл бусад улс орнуудыг Францын жишээг дагахыг уриалжээ.






