
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз бүсгүй дээ үнэтэй бэлэг авч өгсөн гэх дуулиан дэгдэж төв талбайд жагсаал болсон.
Уг хэрэгтэй холбоотой иргэдийн гомдлоор АТГ тавдугаар сард шалгаж эхэлсэн боловч хуулийн хугацаанд дуусаагүй учир зургаадугаар сарын 18-нд дахин 30 хоног сунгасан.
Тэгвэл өчигдөр /2025.07.24/ АТГ-аас О.Тэмүүлэнгийн орлого хууль ёсных болох нь тогтоогдсон гэж байв.
Тухайлбал “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна” гэсэн.
Харин үргэлжлүүлээд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн Б.Баатар, А.Амундра нарын орлого хууль ёсных эсэх талаар шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.






