
2010 оны үе. Эрдэнэт хотод олон залуу хамтлаг дуучид төрөн гарч уран бүтээлээрээ ид алалцаж байсан үе. “Outlaw”, “Badboy” тэргүүтэй хамтлагуудын тоглолтын тасалбар талх шиг зарагдаж, уран бүтээл нь төрийн дуулал шиг сонсогддог байж.
Хожим амьдрал, цаг хугацааны эрхээр зарим нь уран бүтээлээсээ хөндийрчээ. Тэдний нэг нь “Нандин хайр”-аас эхлүүлээд олон дууны эзэн хоёр гишүүнтэй Badboy хамтлаг байлаа. Олон жил сураг алдарсан тэдний нэг л дуу youtube-д байдаг аж.
Дууны сэтгэгдлийг орж уншвал Эрдэнэтийн энэ хамтлаг яасан бол, дуунуудыг нь хаанаас олж сонсох уу хэмээн их асуужээ. Бодвол тухайн үедээ тэд од байж.
Тэгвэл тухайн хамтлаг өдгөө дахин нэгдэж “G18” нэртэй болжээ. Бид энэ удаагийн Хөрөг нэвтрүүлгийн дугаартаа “Улаанбаатар Сонос” фестивалийн продюсер, G18 хамтлагийн дуучин Б.Отгонбаяр буюу Oogii-г оролцууллаа.
ӨВӨРМОНГОЛЫН “ATM” ХАМТЛАГИЙН ХОЁУЛАА БУЮУ МОНГОЛЧУУДЫН МЭДЭХ “GANJI SANASAN SETGEL” ДУУНЫ ХАМТРАЛЫН ТУХАЙ
Наймдугаар сарын 02-нд Улаанбаатар сонос фестиваль болно. Эл өдөр Ираны алдарт дуучин Arash ирнэ. Таван орны 25 дуучны хамтарсан эл тоглолтыг G18 хамтлагийн дуучин Oogii өөрөө продюсерлож буй. Залуучуудын сонсож эмордог асан “gaanjii-sanasan setgel” дууны нэрийг Oogii FM-ийн хөтлөгч байхдаа нэрийг нь өгч байжээ. Уг Өвөрмонголын ATM хамтлагийн “Хоёулаа” нэртэй дуу байж л даа. Анх Монгол орж ирэхэд нь Oogii “gaanjii-sanasan setgel” нэр өгсөн талаараа ийн ярилаа.
Тэрбээр “Анх ямар ч нэргүй дуу л явж байсан. FM-ийн хөтлөгч байхдаа гоё сонсогдохоор нь явуулж үзтэл олон хүн сонсоод дахин дахин давтуулж явуулаад байсан юм. Sanasan setgel гэдэг нэр өгөөд хадгалчихсан байсан чинь энэ дууг gaanjii гэдэг сонсогч охин байнга захиалж сонсоод тэгээд л энэ түүний нэрийг өмнө ьн тавиад архивд хадгалчихсан байсан юм. Тэгээд л энэ нэрээр алдаршсан. Одоо энэ дууг жинхэнэ хамтлаг нь ирж дуулна. Хувь тавилан гэж сонин юм. Улаанбаатар сонос дээр энэ хамтлагтайгаа нийлээд бид дуулах болно” гэлээ.
“АМЬДРАЛЫН ЭЭДРЭЭ, ӨГСҮҮР БА УРУУ”
G18 хамтлагийн дуучин Б.Отгонбаяр уран бүтээл завсардсан энэ хугацаанд юу хийв гэдэг асуулт. Амьдралд уруудаж бас өгссөн тэр өнөөдрийн 100 гаруй ажилтантай “Үжин электроникс” хэмээх томоохон компанийг байгуулжээ. Энэ хугацаанд хоёр ч удаа дампуурч, бензиний ч мөнгөгүй болж машинаа түрж явсан түүх түүнд бий. Гав ганцаараа ус цэвэршүүлэгчээ үүрээд алхаж байсан тэр одоо шилдэг татвар төлөгч компанийн эзэн болсон.
Тэрбээр “Аливаа зүйлийг шантрахгүй л хийвэл болдог юм билээ. Уран бүтээл бол миний цэвэр хобби л доо. Уран бүтээлээс гадна амь зуулга гэвэл ус цэвэршүүлдэг компани ажиллуулдаг мөн барилгын салбарт хүч үздэг. Одоо харин ингээд энтертайнмент салбар луу орж ирлээ. Миний амьдрал анхнаасаа дардан байгаагүй. Өчнөөн удаа алдаж бас оносон. Анх энэ бизнесээ эхлүүлэхдээ сайн найзтайгаа хамт эхлүүлсэн ч таарч тохирохгүй байсаар нураачихсан. Хоёр дахь удаагаа бас л бүтэлгүйтсэн.
Харин гуравдах оролдлого минь амжилттай болсон юм. Залуучуудыг тийм байгаасай гэж хүсэж байна. Мөн хэдийгээр ажил төрөлтэй байсан ч хажуугаар нь уран бүтээл хоббигоо хаяж болохгүй. Бүтэн цагийн дуучин биш ч гэсэн G18 хамтлагаа найзтайгаа дахин байгуулаад дөрвөн ч дуу цацлаа.
Ямар жаахан хүүхдүүд шиг хуучны нэрээрээ Badboy гэдэг нэрээрээ явалтай нь биш гээд нэрээ сольсон юм. G18 гэж Шангриллад байсан манай гэрийн тоот л доо. Залуу хүн учраас заримдаа шоудна. Тэр үед хөршүүд маань G18-ийнхан ёстой цөм авч байна гэж ярьдаг байсан юм билээ. Тэгээд л энэ нэрийг сонгосон. Уран бүтээлээ хаяж чадаагүй болохоор өнөөдөр Монгол Улсдаа таван орны 25 дуучин хамтарсан фестиваль зохион байгуулах гэж байна. Цаашдаа манай улсын уран бүтээлчид дэлхийд гарах үүд хаалга үүгээр нээгдэж буй гэж хэлж болно. Ginjin, MRSM, Topline Namoni зэрэг 12 уран бүтээлчид гаднынхантай хамтарсан бүтээлээ цацсан. Манай энэ төсөл ийм л зорилготой гэсэн үг. Цаашдаа энэ фестивалийг Сөүл зэрэг томоохон хотуудад зохион байгуулах болно.
ЭНТЕРТАЙНМЕНТ ШОУ ЕРТӨНЦӨД Ч, УРЛАГТ Ч ТЭР VIP ТЭСРЭЛТ ХИЙНЭ

Би юмыг анхнаас нь тууштай бас чанартай хийх дуртай. Дэлхийн 40 гаруй орноор аялсан байна. Сүүлд Maroon 5-ийн тоглолтыг үзээд ийм хэмжээний тоглолт яагаад хийж болохгүй гэж хэмээн бодсон юм. Тэгээд энэ удаагийн фестиваль дээр vip гэж юу байдгийг үзүүлэхээр шийдсэн. Маш боломжийн үнээр ширээ болгонд зөөгчтэй тэс ондоо үйлчилгээ үзүүлнэ. Манай улсын зарим тоглолтын vip үнэтэй хэр нь жаахан тааруухан санагддаг. Бид энэ үзэл хандлагыг өөрчлөх болно” гэв. “
УРАН БҮТЭЭЛ ДУРСАМЖ, ХАЙР, СЭТГЭЛЭЭС Л ТӨРДӨГ”

“Хоёр ч дууныхаа үгийг өмнөх амьдралаа бодож бичсэн юм. Би хоёр хүүхэдтэй л дээ. 10 жил ханилсан эхнэрээсээ салсан. Яах вэ буруу, зөв гэж хэлэхгүй ч тийм л юм болчихдог юм билээ. Одоо бол яаж сайн аав ээж байх вэ л гэж ярилцдаг. Гуньсан бачуурсан, баяртай жаргалтай бүхий л үедээ дуугаа бичнэ. Уран бүтээл угаасаа тийм мөчид л төрдөг байх. Гэр бүл салалтыг дэмждэггүй. Бас буруутгадаггүй тийм л хүн. Сайн хайрлагдсан учраас л одоогийн би төлөвшсөн байх л даа.
Аав ээж минь ч гэсэн намайг сайн хайрласан. Аав минь өнгөрөөд нэлээд хэдэн жил болж байна. Жаахан байхад аав ээж хоёр Эрдэнэтийн ГОК-д ажилладаг байлаа. Аав нэг л өдөр хөлөө хугалж гэртээ хэвтсэнээр манай амьдрал унаж эхэлсэн. Эрт тэтгэвэрт гарсан ээжийнхээ цалингаар амь зууцгаана. Тэр үед муу ээж минь бидний төлөө ёстой мачийсан даа. Хийгээгүй ч юм байхгүй. Одоо бодох нь ээ ачийг нь яаж хариулна даа гэж боддог юм. Гэхдээ яах вэ буруу яваагүй санаа сэтгэлийг нь зовоохгүй ингээд яваад минь бас баярладаг л байх. Аав ээжийн ачийг хариулна гэхээр заавал мөнгө төгрөг эд хөрөнгө өгөх биш зөв сайхан явах л утга учир нь болдог юм билээ дээ” гэв.
Энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ бүгдийг тэгээс эхэлж өдгөө дэлхийн хэмжээний фестивалийг эх орондоо зохион байгуулахаар суугаа уран бүтээл Б.Отгонбаярыг урьж оролцуулсан нь энэ байлаа.











