
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан нь “Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулна” гэдгээ Улсын Их хурлын индэр дээрээс зарласан.
Энэ бодлогын хүрээнд өнөөдөр Н.Учрал сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсэг орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах саналыг боловсруулаад ирэх сарын 13-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй.
Ажлын хэсэг нийтдээ 17 гишүүнтэй. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын 17 хүний өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ийм ажлын хэсэг өнөөдөр байгуулагдаж байна.
Ингэснээр орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулна гэж зарласан бодлого ажил хэрэг болох эхлэлээ тавьж байна.
Засгийн газар, Монгол банк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.
Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.






