
Их Британийн рок хөгжмийн урсгалд хувьсгал хийсэн Black Sabbath хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Оззи Озборн 76 насандаа таалал төгсжээ.
Тэрээр 1948 онд Бирмингэмийн Астон хотод, үйлдвэрийн ажилчдын гэр бүлд мэндэлжээ. 2003 онд The Mirror сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр ядуу гэр бүлд өссөн талаараа мөн 11 настай байхдаа хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дурдаж байсан юм.
Түүнээс гадна өсвөр насандаа хулгай дээрэм хийж, шоронд хүртэл хоригдож байсан нь түүний хувьд том сургамж болсон гэдэг. Black Sabbath хамтлагийн гишүүдийн өссөн хүнд хэцүү орчин, туулсан зовлон бэрхшээл зэрэг нь 1968 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлагийн уран бүтээлд нэвт шингэж, Их Британийн рок хөгжмийн урсгалд хувьсгал хийсэн юм.
Тус хамтлагийн 1970 оноос хойш гаргасан цомгууд нь хэви метал урсгалын тулгын чулуу болсон гэдэг. Архи болон хар тамхины донтолтоосоо болж 1979 онд хамтлагаасаа гарсан Оззи удалгүй соло карьераа эхлүүлсэн юм. 1980 онд гаргасан анхны соло цомог Blizzard of Ozz нь АНУ-д 5 сая гаруй хувь борлогджээ.
Түүнээс хойш Оззи нийт 12 цомог гаргасан ба хамгийн сүүлийнх нь 2022 оны Patient Number 9 цомог юм. Тайзан дээр сарьсан багваахайны толгойг хазаж шуугиан тарьж байсан тэрээр 6 хүүхэдтэй ба анхны эхнэр Тельмагаасаа гурав, хоёр дахь эхнэр Шэроноос мөн 3 хүүхэдтэй юм.
Оззи хоёр том хүүхдийнхээ хэрхэн мэндэлснийг ч санахгүй болтлоо тухайн үед архинд донтсон байсан талаараа дурдаж, гэрлэлт нь ч үүнээс болж бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрч байжээ. 1982 онд Оззи Шэрон Ардентэй гэрлэсэн ба Шэроны бизнес ухааны ачаар Оззи, Шэрон хоёр их хэмжээний хөрөнгө мөнгөтэй болж чаджээ.
1989 онд Оззи согтуудаа Шэроны хоолойг боож хөнөөх гэж оролдсон хэргээр баривчлагдсан ч Шэрон нөхрийнхөө эсрэг гомдол мэдүүлэхээс татгалзсан юм.
Түүнчлэн 2016 онд Оззи 4 жилийн турш гэр бүлээс гадуурх харилцаанд байсан нь ил болж, Шэрон Оззи хоёр салсан ч хэдхэн сарын дараа эвлэрч, дахин нийлж байсан юм. 2002 онд Оззи, Шэрон хоёр Келли, Жек хоёр хүүхдийнхээ хамт The Osbournes нэртэй реалити шоу гаргасан нь 2005 он хүртэл үргэлжилж, уг шоуны ачаар Озборны гэр бүл асар олон фенүүдтэй болсон билээ.
2003 онд Оззи дөрвөн дугуйтай мотоцикл унаж явахдаа осолдон хүзүү, эгэм, хавирганыхаа яснуудыг хугалж байсан ба 2005 онд тэрээр Паркинсоны өвчнөөр оношлогджээ.
2019 онд Оззи No More Tours 2 нэртэй сүүлийн аялан тоглолтоо эхлүүлсэн ч 2022 онд нурууны хагалгаанд орж, Паркинсоны өвчин нь хүндэрсэн зэргээс болж Их Британи болон Европт хийх тоглолтуудаа цуцалж байжээ.


Тэрээр хамгийн сүлд энэ сарын 5-нд Бирмингэмд болсон Black Sabbath хамтлагийн сүүлчийн тоглолтод оролцож, хамтлагийнхантайгаа 4 дуу, өөрийн соло 5 дуугаа дуулсан юм.
Эх сурвалж: BBC.com










