
Бусдыг хэрцгийгээр зодож, олон нийтийн газар танхайрсан хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн нарыг өчигдөр /2025.07.22/ 22:00 цагт шүүхээс суллах шийдвэр гаргасан. Ингэхдээ тэднийг Улаанбаатар хотоос гарахгүй байх, Монгол Улсын хил давахгүй байх хориг тавьж, цахим гав зүүлгэсэн юм.
Гэвч уг шийдвэрийг эсэргүүцсэн прокурор эсэргүүцэл бичсэнээр уг асуудлыг дахин хэлэлцэхээр болоод буй.
Уг хэрэгт холбогдсон, оролцсон бүх хүнээс хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн эсэх тест авсан бөгөөд прокуророос Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байсныг мэдээллээ.
Тодруулбал, шүүхээс өчигдөр өгсөн мэдээлэлд:
“Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…оргон зайлах, …” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн” хэмээжээ.






