
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд хүргүүлсэн.
Шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэнг энэ сарын 20-ны өдрийн 21:40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22:00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан байдаг.
Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдрөөр дуусч байгаа юм. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн бөгөөд 2025.07.22-ны 16:30 цагт буюу яг одоо хэлэлцэж байна.
Мөн уг хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байсны нэг нь “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан байсан юм. Гэвч тэр бээр энэ сарын 20-нд Монгол Улсын хилээр гарсан бөгөөд ингэхдээ “Найз охины бие муу зайлшгүй явах шаардлагатай тул энэ сарын 27-нд эргээд ирнэ” хэмээн хуулийнханд мэдүүлээд явжээ.
Мөн эрэн сурвалжлагдаж байсан бас нэг иргэнийг олж тогтоосон боловч одоогоор хэн гэдгийг нь тодорхой мэдээлэх боломжгүй гэж эх сурвалж мэдээллээ.






