
Монгол Улсын иргэн бүрийн хувьцааг нь эзэмшдэг цор ганц уул уурхайн орд бол Тавантолгой буюу хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани болох “Эрдэнэс тавантолгой” юм.
2023-2024 он дамнан нээлттэй сонсгол хийгдэж, нүүрсний хулгайн хэрэг гэх энэ ордоос, 40 их наядаар хулгайлан идсэн эрх мэдэлтнүүдийг илчлэх сонсгол хийсэн ч өнөө хуучин захирал болон нэг сайдад хэргийг үүрүүлж, хэдхэн жилийн ял оноогоод өнгөрсөн.
Үүнтэй зэрэгцэн “баян айлын бардам хүүхэд” олон зуун тэрбумын хөрөнгө оруулалт хийж Баяжуулах үйлдвэр, төмөр зам барих, цахилгаан станц байгуулах гэх мэт олон төслүүдэд 9,3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч үр дүн муу байгаа зэргийг үндэслэн Засгийн газраас долоодугаар сарын 9-нөөс эхлэн 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийг багийг томилоод байгаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.
Энэ дунд хамгийн их маргаан дагуулж буй төсөл бол Нүүрс баяжуулах үйлдвэр. Саяхны нэгэн УИХ-ын чуулган дээр УИХ-ын Б.Пүрэвдорж Тавантолгойн баяжуулах үйлдвэрийг 14 км-ийн цаана 30 сая тн нүүрс баяжуулах үйлдвэр барина гэж нэг их наяд төгрөг зарцуулчихаад 10 сая орчим тн нүүрс баяжуулдаг үйлдвэр барьчихсан. Төмөр зам нь 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа гэж шүүмжилж байсан.


Ерөнхий сайд Тавантолгойн уурхайд ажиллах үеэрээ нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн. Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байгааг анхаарууллаа.


Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулахаар боллоо. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэлээ.
Тавантолгой уурхай бол ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах үүрэг даалгавар өгсөн юм.


Уг ордоос нүүрс олборлохдоо “Өрөмийг нь аваад хусмыг нь үлдээдэг” гэсэн шүүмжлэл УИХ-ын нэр бүхий гишүүд хэлдэг. Үүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагын зүгээс тайлбарлалаа.
Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд. Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг.
Уг ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 оноос эхлэн ажиллаж байна. 15 жилийн хугацаанд Цанхийн уурхайгаас эрчим хүчний зориулалт бүхий 9.1 сая.тн, коксжих шинж чанартай 105 сая.тн, нийт 114 сая.тн нүүрс олборлоод байна. Энэ бол нийт нөөцийнхөө дөнгөж 2%-ийг л ашигласан гэсэн үг.
2023 оны байдлаар Цанхи болон Бортээгийн уурхай нь жилийн нийт 30 сая.тн нүүрс олборлох хүчин чадалд хүрсэн бөгөөд 2027 онд төсөл бүрэн хүчин чадалдаа хүрч ил уурхайгаар жилд 50 сая.тн нүүрсийг олборлож эхлэх юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн олборлосон нүүрсний хэмжээ
- 2019 онд 50 сая тонн,
- 2020 онд 70 сая тонн,
- 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол
- 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборложээ.
- 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан борлуулж, экспортод гаргасан юм.
- 2025 он гарснаас хойш өнөөгийн байдлаар 51.2 мянган тонн баяжуулсан нүүрс биржээр арилжаалаад байна.
Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг ба Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг хийж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлаад байгаа юм.






