
Энэ ням гарагийн өглөө /2025.07.20/ Япон даяар парламентын дээд танхимын сонгууль эхэлсэн байна.
Сонгуулийн өмнө хийсэн санал асуулгын дүнгээр Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн Либерал Ардчилсан нам, тус намтай эвссэн Комэйто нам 248 суудалтай парламентын дээд танхимын олонхын суудлыг авч чадахгүй байх өндөр магадлалтай гэж гарчээ.
Японы парламентын дээд танхим нь 248 суудалтай бөгөөд 3 жил тутам тус танхимын гишүүдийн тал нь шинэчлэгддэг аж.
Өнөөдрийн байдлаар эрх баригч Либерал Ардчилсан нам болон тус намтай эвссэн Комэйто намын гишүүд парламентын 75 суудлыг бүрдүүлж байгаа ба Либерал Ардчилсан нам олонхын суудлаа хадгалж үлдэхийн тулд энэ удаагийн сонгуульд багадаа 50 суудал авах ёстой аж.
2024 оны 10-р сард болсон парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар Либерал Ардчилсан нам олонхын суудлаа алдсанаар Ерөнхий сайд Шигэрү Ишиба эвслийн засгийн газар бүрдүүлэхэд хүрсэн билээ.
Энэ удаагийн сонгуулиар Либерал Ардчилсан нам хангалттай суудал авч чадахгүй бол Ерөнхий сайд Шигэрү Ишибад намаа удирдаж, засгийн газраа тэргүүлэхэд хүндрэлтэй болох юм.
Сонгуулийн дараа Токио АНУ-тай худалдааны гэрээ байгуулах сүүлийн хугацаа болох ба АНУ-ын Японы импортын бараанд тогтоохоор төлөвлөж буй гаалийн татвар нь Японы эдийн засгийг агшааж, засгийн газар инфляцын дарамтад ороод буй өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх дарамтад орох юм.
Либерал Ардчилсан нам нь Дэлхийн 2-р дайнаас хойш Японы төрийн эрхийг атгаж ирсэн ба бусад ардчилсан улс орнуудтай харьцуулахад Либерал Ардчилсан нам энэ хугацаанд нийгэм, улс төрийн хагарлаас зайлсхийж чадсан юм.
Эх сурвалж: reuters.com






