
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газартаа “нөхөрсөг бус” улс орнуудын программ хангамжуудыг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгожээ.
Оросын парламент дахь мэдээлэл технологийн бодлого хариуцсан зөвлөлийн орлогч дарга Антон Горелкин WhatsApp мессенжер “нөхөрсөг бус” улс орнуудын программ хангамжид багтах магадлал өндөр байгаа учир WhatsApp мессенжер Оросын зах зээлээс удахгүй гарах бэлтгэлээ хийж байгаа гэжээ.
WhatsApp нь ОХУ дахь хамгийн олон хэрэглэгчтэй мессенжер юм. Тус мессенжер нь өдөр ба шөнийн хэрэглэгчдийн тоогоороо Telegram болон VK мессенжерүүдийн урд бичигддэг аж. Тус мессенжерийг эзэмшигч Meta компанийг 2022 онд ОХУ-ын эрх баригчид “экстремист” байгууллагуудын жагсаалтад оруулж, Facebook болон Instagram нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг хориглосон юм.
Mediascope компанийн судалгаагаар 2025 оны 4-р сарын байдлаар WhatsApp мессенжерийг ОХУ даяар 12-оос дээш насны 97.4 сая хүн буюу ОХУ-ын нийт хүн амын 80 орчим хувь нь хэрэглэдэг гэж гарчээ. Тус мессенжерийг өдөрт дунджаар 84.4 сая хүн ашигладаг нь мессенжерүүд дундаа төдийгүй өөр бусад цахим үйлчилгээнүүд дундаа тэргүүлж байна. Түүнчлэн WhatsApp мессенжер оросын төрийн албан хаагчид дунд маш алдартай аж.
А. Горелкины хэлснээр WhatsApp мессенжерийн оронд оросууд VK нийгмийн сүлжээний хөгжүүлж буй Max нэртэй мессенжерийг ашиглаж эхлэх аж.
Эх сурвалж: Azer News






