
Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн хэрэг АТГ-д шалгагдаж буй.
Загасны ой санамж 3 секунд байдаг гэдэг. Загасны ой санамжтай хэмээн ард түмэн өөрсдийгөө цоллодог билээ. Саяхан баяр наадам болж өндөрлөлөө. Наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнтэй холбоотой асуудал дэгдэж “Огцрох амархан” жагсаал өрнөснөөр тэр суудлаасаа буусан.
Тэгвэл ард түмэн түүний хүүтэй холбоотой хэрэг юу болж үлдсэн бэ гэсэн асуултыг тавиад байна. Өөрийнхөө хүүтэй холбоотой хэт тансаглал гэгдэж буй зүйлсийг бүгдийг шалгуулна хэмээн ярьж байсан Л.Оюун-Эрдэнэ хаврын чуулганы сүүлчийн хуралдаанууддаа суугаагүй юм.
Ямартай ч наадам өнгөрлөө. Түүний хүүг шалгах хугацаа ч дуусаж байна.
Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас тавдугаар сарын 23-ний өдөр албан ёсоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хуульд 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байдаг. Улмаар хуульд заасан хугацаа дууссан ч дахин 30 хоног сунган шалгахаар болж байсан юм.
Харин энэ хугацаа дуусаж буй хэдий ч шалгалтын үр дүн гараагүй байгаад иргэд АТГ болон бусад холбогдох газруудад эргэлзэж эхэлжээ. .






