
Хүний нэр гэдэг тухайн хүнээ төлөөлөн нийгмийн олон талт харилцаанд оролцож хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэдэг нэн чухал хэрэглэгдэхүүн. Хэдийгээр анзаарагддаггүй, жижиг сэдэв мэт санагдавч үгүй ажээ. Бүр хэл шинжлэлд “Хүний нэр зүй” хэмээх бие даасан нэгэн салбар болон хөгжсөн байгаа юм.
Иймээс бид хүний нэртэй холбоотой сонирхолтой баримтууд тайлбар зэргийг энэ удаад онцлон хүргэе.
Манай улс хос бичигтэн үндэстэн болсонтой холбоотойгоор хүмүүс өөрийн нэрийг хэрхэн монгол бичгээр зөв бичихээс эхлүүлээд олон саад бэрхшээл тулгарах болов уу. Энэ сэдэв нэгэн удаагийн нийтлэлд багтаахад хэтэрхий том агуулга учир монгол бичигтэй холбоотой асуудлыг хөндөлгүй дараа дахин тусдаа асуудал хөндсөн нийтлэл болгон хүргэх болно.
ХҮНИЙ НЭР ХЭЗЭЭ ҮҮССЭН БЭ?
Дээрх дэд гарчгийг уншаад танд ч гэсэн нээрээ хүний нэр хэзээ үүсэн юм бол гэсэн бодол төрөх вий. Гэвч яг тэдэн оны тэдэнд хүн анх нэгэндээ нэр өгч байжээ гэсэн тодорхой хариулт байдаггүй аж. Нэг ёсондоо хүний хөгжлийн үйл явцаас шалтгаалсан гэсэн үг. Таамгаар хүн хэл яриатай болж эхэлсэн цагаас хүч чадал, биеийн хэмжээ, овжин сэргэлэн байдал зэрэгт дүйцүүлэн нэрлэж байсан болов уу. Жишээ нь, махлаг биетэй хүнийг “бодон”, хүчтэй том биетэй бол “хүрэн баавгай” гэх мэтчилэн нэгнээ ялгасан байх магадлалтай.
Харин МЭӨ 3000 орчим онд Месопотами, Египет, Хятад зэрэг газар нутгуудын бичиг соёлд орж ирсэн байх магадлалтай гэж мөн таамнажээ. Цаашилбал, Монгол Улсад 1964 онд Ч.Содном “Монгол хүний нэрийн толь” хэмээх үгүүлэл, нэрийн галиг, тайлбар зэргийг хослуулсан ном хэвлүүлж байсан аж.
Сануулахад бид энэхүү нийтлэлд орсон мэдээ мэдээллүүдийг нэр судлаач, хэл бичгийн ухааны доктор, профессор Ж.Сэржээ гуайн 2007 болон 2013 онд хэвлэгдсэн “Хүний нэрийн толь” номуудыг ашигласан болно.
ТОП 20 НЭРИЙН ТАЙЛБАР
Бидний олж ажигласнаар улс орны хөгжил, соёл түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийг арай өөр маягаар судалж үзэхээр бол хүмүүсийн нэр хөөх оролдлого хийвэл шинэ соргог судалгааны материал гаргаж болохоор санагдав. Жишээ нь, монголчууд 1900-аас өмнөх онуудад хүүхдүүддээ төвд, санскрит нэр голчлон өгч байсан бол Ардын хувьсгал ялснаас хойших он жилүүдэд орос нэрүүд орж ирсэн байгаа юм. тухайн он жилүүдэд хэлмэгдүүлэлт, хавчлага зэргээс шалтгаалж бурхан шашны нэртэй хүмүүс багассан шиг ажиглагдсан. Мөн энэ онуудад түүхэн хүмүүсийн нэр огт байгаагүй шиг байгаа юм. Учир нь Чингис хааны нэрийг дурдах ч хориотой байлаа шүү дээ. Цаашлаад ардчилал ялсан буюу 1990-ээд оноос хойш түүхэн баатруудын нэр өгөх нь олонтоо болсон. Жишээ нь, Тэмүжин, Ану, Хулан гэх мэт нэрс орж ирсэн аж. Тэгэхээр нийгмийг бүхэлд нь болоод соёлын хүчин зүйлүүдийг судалж болохоор байгаа биз.
1. АНАНД – Хотол баясгалан. Бурхан багшийн шадар 10 шавийн нэг
2. ТӨГӨЛДӨР – Монголын зэнт гүрний хаан Буян сэцэн хааны хөвгүүн Мангус тайжийн хүү. 1604 онд хаан ширээнд сууж байсан Өлзий гэсэн утгатай үг
3. НЯМ – Нар, наран
5. АЮУШ – Насан төгөлдөр, амин гавьяат
6. НАНДИН – /Нандиа/ Баяр баясгалантай, Виншү тэнгэрийн нэр
7. АЛТАЙ- Алтай таван богдын Хүйтэн оргил 4,374 м өндөр
8. АНУ – Ойрадын Галдан бошигт хааны /1644-1697/ гэргий. Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн нь Ану хатан юм.
9. АНАР – Нал эрдэнэ /үзмийн шүүс мэт хүрэн өнгөт эрдэнийн чулуу/
10. АНГАРАГ – Улаан нүдэн гараг
11. БАТ – Чингис хааны ач. Зүчийн хоёр дахь хүү
12. БУД – Ухаантай цэцэн
13. ДОРЖ – Чулууны ноён
14. ДУЛАМ – Гэрэлтэгч эх
15. ЖАВЗМАА – Ариун богд эх
16. ЛОДОЙ – Оюунтан
17. ЭРДЭНЭ – Эд
18. ОД – Гэрэл, ОДСҮРЭН – Гэрэл сахигч
19. Санчир – Алгуурхнаа хөвөгч
20. СУМЬЯА – Сар, саран
21. ЯНЖИН – Эгшигт, ЯНЖИНЛХАМ – Эгшигт охин тэнгэр…
Энэ мэтчилэн та өөрийнхөө нэрийн утга учрыг мэдэхийг хүсвэл “Монгол хүний нэрийн толь” номоос харж болно. Энэхүү номыг уншиж судлахыг хүсвэл нийтийн номын сангуудад буй. Хэрвээ худалдаж авах шаардлага, хэрэгцээ гарвал хуучин номын худалдаануудаар хайгаад үзээрэй. Үнийн хувьд 20-150 мянган төгрөг байсан.
МОНГОЛЧУУДЫН НЭРИЙН ХАМГИЙН ХАМГИЙН НЬ ХЭН БЭ
Монголчуудын хүүхдэдээ нэр хайрлаж буй ёсон гэж мөн том ай сав бий. Ерөнхийдөө нэрсийг ажиглавал бэлгэдлийн болоод адилтгах шинж чанар их ажиглагдана. Бид нийтлэлийнхээ энэ хэсгийг бэлдэхдээ тоон мэдээллийг “Статистикийн мэдээллийн сан”-гаас авч өөрсдийн дүгнэлтийг мөн оруулсныг дурдах нь зүйтэй болов уу.
Монгол Улсын хамгийн урт нэрс:
| № | Нэр | Үсгийн тоо |
| 1. | МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО | 39 |
| 2. | ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА | 38 |
| 3. | ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР | 33 |
| 4. | ГАЛТАМЬДРАЛГАЙХАМШИГТЕСӨНХҮСЛЭН | 31 |
| 5. | АЛБЕРТОАРСЛАНБААТАРБЕТТЕНКОУРТ | 30 |
| 6. | КОНСТАНТИНШИЛЭЭРХҮҮНАЛЕКСАНДЕР | 30 |
| 7. | МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ | 28 |
| 8. | ҮЕХЭЕИДОРЖСҮРЭНЦЭРЭНМЯГМАР | 26 |
| 9. | МАРИАМКРИСТИНАЭНЭРЭЛСАЙХАН | 26 |
| 10. | ЭРДЭНЭТХОЁРБУЛГАНСҮХБААТАР | 26 |
Хамгийн түгээмэл нэрс:
| № | Нэр | Тоо |
| 1 | БАТ-ЭРДЭНЭ | 15,503 |
| 2 | ТЭМҮҮЛЭН | 14,419 |
| 3 | МИШЭЭЛ | 13,862 |
| 4 | ХУЛАН | 13,719 |
| 5 | НОМИН-ЭРДЭНЭ | 13,702 |
| 6 | ДӨЛГӨӨН | 13,213 |
| 7 | ТӨГӨЛДӨР | 13,001 |
| 8 | БИЛГҮҮН | 12,785 |
| 9 | ЭНХЖИН | 12,776 |
| 10 | МӨНХ-ЭРДЭНЭ | 12,401 |
Сонирхолтой: Хамгийн түгээмэл нэрсийг тэргүүлж буй Бат-Эрдэнэ нэрийн тухайтад магадгүй үндэсний бөхөд 12 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргатай холбоотой байж болох юм. Тодруулбал түүнийг Үндэсний их баяр наадамд завсаргүй түрүүлсэн он жилүүдэд энэ нэрийг өгөх нь элбэг болсон байгаа юм. Нэг ёсондоо аав нар өөрийнхөө дэмжиж явдаг бөхийн нэрийг хүүдээ өгөх явдал өнөөг хүртэл тасарсангүй. Жишээ нь, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадамд түрүүлж, МУ-ын Аварга цолыг хүртсэн О.Хангай аваргын нэрийг өгөх нь түгээмэл болсон байна. Мөн статистик мэдээллийн графикийг харахад түүнийг түрүүлдэг жил нь /2022 он/ эл нэрийг хамгийн олон буюу 574 хүн хүүхдэдээ өгчээ.
Харин О.Хангай аваргын аав Ж.Оргих гуай Д.Маамын “Газар шороо” романыг уншиж байхдаа Хангайбазар хэмээх дүрээс санаа авч хүүдээ ийм нэр хайрласан түүхтэй.
Цаашилбал, 1990 он гарснаас хойш хүүхдэдээ нэр өгөх үйл явц илүү чөлөөтэй болсны нэг жишээ бол “Goku” фитнесийн эзэн Д.Очирхуяг багаасаа үзэж өссөн “Dragon ball Z” анимэгийн гол дүр болох Гоку хэмээх нэрийг хүүдээ өгсөн байгаа юм.
ХЭРВЭЭ ТА ХҮҮХДЭДЭЭ НЭР ӨГӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ:
Монголчууд хүүхдэдээ өгсөн нэр түүний хувь заяаг шийдэж байдаг гэж үздэг. Зарим тохиолдолд хүнийг бүтэн нэрээр нь дуудаж байх нь түүний хувь заяаг бүрэн бүтэн байлгадаг. Харин хагасалж дуудах нь хувь заяаг нь таллаж байдаг хэмээх аман уламжлал ч бий. Ямартай ч хүүхдэдээ нэр өгөх нь өөрсдийн хүсэл сонирхол, цаашлаад шашин шүтлэгтэй холбоотой учир бидний зүгээс зөвхөн ховор содон сонирхолтой нэр байж болох гурвыг нь энд орууллаа. Хэрвээ та шинэхэн мэндэлсэн нярайдаа нэр хайрлах гэж буй бол “Хүний нэрийн толь” хэмээх номоос судалж үзээрэй.
Охин бол:
- ЖИЖЛХАМ – Хаврын охин тэнгэр
- ДАРЬ – Гэтэлгэгч эх
- ДАГИНА – Үүл хөлөглөн огторгуйд нисэж, шашны номыг сахин хамгаалах дагинас.
Хүү бол
- ДАНДАР – Шашин
- ГЭГЭЭН – Буянт хааны хөвгүүн
- ГАРДИ – Хаан шувуу
- ГОВИЙЛХА – Заяаны тэнгэр
Ийнхүү бид хүний нэрстэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Дараа монгол бичгээр хэрхэн бичих тухай эргэн уулзацгаая.






