
ДЦС-3 дээр өнгөрөгч 6 сарын 2-ны өдөр гал гарсан. Гал гарсан турбингенератор-9 нь 2016 онд хамгийн сүүлд ашиглалтад орсон машин байжээ.
ТЭЦ-3 станц жилд,
- 1,1 тэрбум квт/цаг цахилгаан эрчим хүч,
- 2,6 сая ккал дулаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Энэ хэмжээ нь төвийн бүсийн эрчим хүчний
- цахилгааны хэрэглээний 14%,
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31%,
- үйлдвэрлэлийн уурын 47%-ийг хангадаг эх үүсвэр юм.
Галын улмаас турбингенератор-9 гэмтэж, цаашид ашиглах боломжгүй болсноор Монгол Улсын эрчим хүчний систем
- цахилгаан хангамжийн хувьд 50мвт-аар,
- дулаан хангамжийн хувьд 100 ккал-аар буюу гэмтсэн турбингенераторын үйлдвэрлэж байсан цахилгаан, дулааны эрчим хүчний хэмжээгээр дутагдалд орох эрсдэлтэй, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
2025 оны 6 сарын 20-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус станцад онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилон ажиллуулж байна.

Түүнээс ослоос хойших хугацаанд гэмтсэн турбингенератор-9-ийг шинээр авах, сэргээн засварлах ажил хэрхэн явагдаж байгааг тодрууллаа.
ТЭЦ-3 дээр засвар, шинэчлэлийн чиглэлд одоо ямар ажлууд хийгдэж байна вэ?
– ТЭЦ-3 дээр онцгой дэглэм тогтоосноор ослоос үүссэн уршиг үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой шийдвэр болсон.
Бид өнөөдөр Диспетчерийн үндэсний төвөөс тогтоосон зуны бага ачаалалд хэвийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар засварын ажил 48%-тай байна. Төлөвлөсөн засварын ажлуудыг, ирэх өвлийн их ачааллыг давах төлөвлөгөөт ажлуудыг бид 9 сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна. Энэ нь төлөвлөсөн хугацаанаас 15 хоногоор өмнө дуусахаар ажиллаж байна.
Засварын ажлуудыг онцгой дэглэм тогтоосноос хойш дахин шинэчилж эрэмбэлсэн. Цаг хугацааны хувьд хойшлуулах боломжтой ажлуудыг хойш нь тавьсан шаардлагатай ажлуудыг нэмж оруулан ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нүүрсний нөөц нь 34 хоног, мазутын нөөц 4 сарын нөөцтэй байна. Энэ шаардлагатай үед аваарын үед хангах ийм нөхцөл бололцоогоо бүрдүүлсэн гэсэн үг.
Гал гарсан турбингенератор-9-ийг ашиглалтанд оруулах чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?
– Осолтой холбогдуулаад сэргээн босголтын ажлыг 2 үе шаттай хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгдүгээр үе шатад хийгдэх ажил бол гал, дэлбэрэлтэд өртсөн барилгыг буулгах, ашиглалтад оруулах ажлыг энэ оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө дуусахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар энэ ажилтай холбоотой онцгой дэглэм тогтоосноос хойш хугацаанд барилгын галд өртсөн хэсгийн бүтээц, хийцийн оношилгоо, дүгнэлтийг бүрэн гаргаж дууссан.
Галд өртөж нурсан барилгад геодезийн шинжилгээг бүрэн хийгдэж дуусгасан. Өндөр даралтын турбин цехийн барилгын буулгалт, угсралтын ажлын даалгаврыг гаргаж дуусгасан. Галд өртсөн барилгыг буулгах, шинээр барих ажлын төсөв, зургийг бүрэн хийгдэж дууслаа.
Зураг төсөв сайн хийгдсэнээр цаашид энэ төслийн гүйцэтгэлд ямар нэгэн алдаа оноо гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Төрийн өмчийн зураг төслийн ажил дээр дотоодын туршлагатай компаниудыг оролцуулахаас гадна гаднын тэр дотроо Монгол Улсад эх үүсвэрийн барилга, байгууламж барьж байгаа компаниудыг урьж хамтарч хийсэн байгаа.
Энэ нэлээн цаг хугацаа шаарддаг ажил. Шахаж хийсний үр дүнд 20 хоногт бүрэн дуусгасан.

ГАЛ ГАРСАН ТУРБИНГЕНЕРАТОРТАЙ ХОЛБООТОЙ ХИЙГДЭХ АЖЛУУДЫГ “ТӨРИЙН НУУЦ”-Д АВЧЭЭ
Шатсан турбингенераторыг дахин ашиглах боломжгүй болсон уу?
– ТӨБЗГ, ТЕГ, ЦЕГ, ЭХЯ-нд хүсэлт хүргүүлэн гэмтсэн барилга, турбингенераторыг үндсэн хөрөнгийг данс бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд буулгаж, хадгалах зөвшөөрлийг авснаар 7 сарын 25-наас буулгах, шинэ барилгын ажлыг эхлүүлэх боломжтой болсон.
АТГ, ТЕГ-тай дэмжлэг үзүүлж, байнгын холбоотой ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд хийгдэх ажил арга хэмжээнүүдийг Төрийн нууцад авснаар худалдан авалтыг шуурхай явуулах боломжтой болсон.
Хоёрдугаарт турбингенератор гэмтсэнтэй холбоотой 100 ккалийн дулааны хангамжийг хэвийн хангах хүрээнд нэмэлт техник технологийн арга хэмжээ авч байгаа. Энэ ажлыг барилгын ажилтай зэрэгцүүлэн энэ оны 10 дугаар сарын 31-ний дотор дуусахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, шугам хоолой болон бусад материалуудын техникийн даалгавар, ажлын даалгавруудыг бүрэн гаргасан.
Даралт бууруулах төхөөрөмж, сүлжээний ус халаагчийн ажлын зураг төсвийг хийгдээд дууссан. Гүйцэтгэгчтэй хэлцэл хийж байна. Энэ 7 дугаар сардаа багтаад эхэлнэ.
БНХАУ-ын компаниудтай хамтарч ажиллахаар чиглэл гарсан гэж байсан. Шалтгаан нь юу вэ?
– Энэ компаниуд бидэнд үнэ болоод хугацааны хувьд бусад улсуудаас илүү бололцоотой нөхцөлийг санал болгож байгаа. Энэ тоног төхөөрөмжүүдийг гэрээ хийснээс хойш 30 хоногийн дотор үйлдвэрлэн гаргаж, урьдчилсан байдлаар Монгол Улсад ирүүлэхээр тохиролцсон байгаа.
АКТЛАГДАЖ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮГНЭЛТЭЭР ЗОГСООСОН БАЙСАН ТУРБИНГЕНЕРАТОР-7-Г 2025-2026 ОНЫ ӨВӨЛ СЭРГЭЭН АШИГЛАНА
Засгийн газраас төсвийн тодотголд эрчим хүчний салбарын төсвийн хасаагүй, харин ч нэмэгдүүлж, өвлийг эрсдэлгүй давах чиглэл өгсөн. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлууд юу вэ?
– Аваарын нөхцөл байдалд Улаанбаатар хотын дулаан хангамж, төвийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хангамж дутагдах чадлыг нөхөхийн тулд актлагдаж улсын байцаагчийн дүгнэлтээр зогсоосон байсан нэг турбингенератор-7-г ажилд оруулахаар сэргээн босголтын ажлын хүрээнд хийж байна.
Энийг түр хугацаагаар ашиглана.
Өөрөөр хэлбэл 2025-2026 оны өвлийн их ачааллыг давахад энэ машиныг ажилд оруулж, тодорхой хэмжээгээр цахилгаан, дулааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Энэ машины засварын ажлыг 7 сарын 15-нд эхлүүлсэн 8 сарын 15 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Холбогдох эрх бүхий байгууллагуудын дүгнэлт шийдвэрийг гаргаад ажилд залгана.
Харин дээр дурдсан 2 ажилтай холбоотой санхүүжилтийн асуудлыг Засгийн газар, УИХ-д Төсвийн тодотголоор бүрэн шийдүүлсэн. Нийт 15,5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гаргасан. 2025 онд бүрэн санхүүжүүлэхээр улсын төсвийн тодотголд тусгачихсан.
Тиймээс одоо ямар нэгэн хүндрэлгүйгээр, шуурхай яваад, төлөвлөсөн цаг хугацаандаа орох бололцоо нөхцөл бүрдсэн гэж ингэж ойлгож болно.
Сэргээн босголттой холбоотой шатаж гэмтсэн турбингенератор-9-ийг бүрэн шинэчлэх, дээр нь одоо актлагдсан байсан 25мвт-ын хүчин чадалтай турбингенератор-7-г шинэчлэх ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Турбингенератор-9-ийн гэмтлийн оношилгоог бүрэн хийгдсэн. Буулгах ажлын даалгаврыг боловсруулж дуусгасан. Буулгах болон барилга угсралтын ажлыг хийх зураг төслийг 7 сарын 20-нд дуусгахаар үндэсний болоод гаднын энэ чиглэлээр мэргэшсэн компаниудтай хамтарч ажиллаж байна.

ҮНЭ, ХУГАЦААНЫ ХУВЬД БНХАУ-ЫН КОМПАНИУД ИЛҮҮ ТААТАЙ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ
Турбингенератор 7 болон 9-ийг шинэчлэх, засах, барих ажлын саналд БНХАУ-аас өөр улсын компаниуд оролцсон уу?
– Хоёр турбингенераторууд болоод туслах тоноглолыг үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, барилга угсралтын ажлыг нь хийдэг БНХАУ-ын 12, Бүгд Найрамдах Герман Улсын 1, Япон улсын 2, ОХУ-ын 2 компаниас санал авч хамтран ажиллаж байна.
Үнэ болоод хугацааны хувьд БНХАУ-ын компаниуд бидэнд илүү таатай саналыг ирүүлсэн учраас бид нар БНХАУ-ын компаниудтай хамтарч ажиллахаар болж байгаа.
Нэг ажлын хэсэг гаргаад 7/13-аас эхлээд БНХАУ-д ажиллаж байна. Энэ үйлдвэрүүд дээр нь очиж санал солилцож байна. Дахиад өгсөн саналуудыг хугацаа, үнийн хувьд илүү Монгол Улсад ашигтай болгохоор ярилцаж байна.
7/18-нд ажлын хэсэг буцаж ирнэ. Ингээд ажлаа дүгнээд дахиад хоёрдахь ээлжийг БНХАУ руу үлдсэн үйлдвэрүүд рүү явуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
БНХАУ-ын үнийн санал ОХУ-аас гэхэд 2 дахин хямдхан байгаа. Бэлэн байгаа тоног төхөөрөмжүүдийг бид ажлын хэсэг гаргаж газар дээр нь үзсэн. Ашиглаж байсан болоод хадгалалтын горимд байгаа тоноглолын хувьд бидэнд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа учраас 2 хэдийгээр жоохон хугацаа шаардах ч гэсэн шинээр захиалж, үйлдвэрлүүлж авч угсаръя гэж шийдсэн.
Актлагдсан байсан турбингенератор-7-г ашиглалтад оруулж энэ өвөл залгахаар болж байгаа юм байна. Энэ талаар…
-Турбингенератор-7-ийн хувьд ТЭЗҮ хийгдэж байна. Үүнийг 8 сарын 1 гэхэд зургийн компанид хүлээлгэж өгөхөөр болсон. Ажил зураг, төсөв дуусчихвал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд орно.
Турбингенератор-7 болон 9-ийн барилгын буулгалт, угсралтын ажлыг гаднын компаниуд гүйцэтгэнэ. Тиймээс гаднын компаниудын ажиллагсдад өгдөг зөвшөөрөл, хөнгөлөлтийг холбогдох газруудад шуурхай шийдүүлэх шаардлагатай байна.






