
2026 оны Милан-Кортина өвлийн Олимпын наадмын медалиудыг танилцуулах ёслолын ажиллагаа Италийн Венец хотод өнгөрсөн мягмар гарагт болжээ. Медалиудыг зоос, паспорт, шуудангийн марк зэргийг үйлдвэрлэдэг Istituto Poligrafico e Zecca dello Stato (IPZS) компани үйлдвэрлэлийн хог хаягдал ашиглан, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг зууханд урлаж байгаа аж.
Италийн усан сэлэлтийн тамирчин, Олимпын аварга Федерика Пеллегрини, Паралимпын Зуны болон Өвлийн наадмын 15 медалийн эзэн Франческа Порселлато нар Милан-Кортина өвлийн Олимпын наадмын медалиудыг Венецийн Палаццо Бальби ордонд болсон ёслолын ажиллагааны үеэр танилцуулсан ба Олимпын болон Паралимпын наадмын үнэт зүйлсийг харуулсан эдгээр медалиуд нь италичуудын өндөр ур чадвар, инновацийн үр дүн юм гэжээ.
2026 оны Милан-Кортина өвлийн Олимпын наадам ирэх жилийн 2-р сарын 6-наас 22-ны хооронд, Паралимпын наадам 3-р сарын 6-наас 15-ны хооронд зохион байгуулагдах юм. Итали улс өмнө нь 1956 онд Кортинад, 2006 онд Туринд гээд хоёр ч удаа өвлийн Олимпыг наадам зохион байгуулж байсан туршлагатай юм.






