
Бельгийн Бом хотод жил бүр зохион байгуулагддаг электрон хөгжмийн “Tomorrowland” наадмын гол тайз өнгөрсөн лхагва гарагт шатжээ. Жил бүр дунджаар 400 мянган хүн үзэж сонирхдог “Tomorrowland” наадмын галд шатсан тайзыг барихад зохион байгуулагчид хоёр жилийг зарцуулсан аж. Гол тайзгүй болсон ч наадам төлөвлөсөн ёсоороо зохион байгуулагдана хэмээн тус наадмын төлөөлөгч Дебби Уиллемсен мэдэгджээ.
Тэрээр, “Цахим орчинд худал мэдээлэл их явж байна. Бид маргааш 38 мянган хүн хүлээж авна. Тэд манай наадмыг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа, бид ч ялгаагүй тэднийг халуун дулаан уур амьсгалтайгаар хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна. Гол тайзгүй болсон ч наадам болдгоороо болно.” хэмээн мэдэгджээ.
Гал гарсан даруйд тайз засаж байсан ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлж чадсан ба гэрчүүд гал гарахаас өмнө салют буудаж байсан чимээ сонсогдсон тухай мэдүүлжээ.






