
Францын Ерөнхий сайд Франсуа Байру улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, өрөнд баригдахаас нь сэргийлэхийн тулд бүх нийтээр амардаг баярын хоёр өдрийг ажлын өдөр болгох санал тавьжээ.
2026 оны төсвийг танилцуулах үеэрээ Ф. Байру Улаан өндөгний баярын даваа гараг болон 5-р сарын 8-ны Ялалтын баярыг бүх нийтийн амралтын өдрөөс хасах санал тавьсан ба “Франц улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд бүх нийтээрээ илүү их хөдөлмөрлөж, хувь нэмэр оруулах шаардлагатай байна.” хэмээн онцолжээ.
Франц улсын төсвийн алдагдал Европын Холбооны дүрмээр шаарддаг 3 хувийн түвшнээс давж, ДНБ-ий 5.8 хувьд хүрээд байгаа ба тус улсын нийт өр 3.3 их наяд еврог давжээ. Ф. Байругийн хэлснээр овоороод буй энэ их өр хэт өндөр зардалтай тус улсын эдийн засагт ноцтой аюул учруулах түвшинд очжээ. Тэрээр төсвөөс 43.8 тэрбум евро хэмнэхэд туслах алхмуудыг танилцуулахын зэрэгцээ ирэх онд төсвийн алдагдлыг 4.6 хувь, 2029 он гэхэд 3 хувьд болгон бууруулна хэмээн мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд Ф. Байру Батлан хамгаалахын салбараас бусад салбарын төсөв хэвээр үлдэж байгаагаас гадна тэтгэврийн хэмжээг 2025 оны түвшинд барих, нийгмийн халамжийн зардлыг хязгаарлаж, эрүүл мэндийн салбарын төсвийг 5 тэрбум еврогоор танах, төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт оруулахгүй байх мөн улсын төсвийн санхүүжилтээр ажилладаг байгууллагуудад цомхотгол явуулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Нөгөө талаас бүх нийтээр амардаг баярын өдрүүдийг ажлын өдөр болгож байгаа нь Франц улсын түүх соёл, ард иргэдийн эрхэнд халдсан явдал хэмээн Францын Үндэсний хөдөлгөөн нам, Коммунист нам, LFI намууд Ф. Байругийн саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.






