
“Мисс Монголиа” тэмцээн 2025 онд түүхэндээ анх удаа “Миссис” буюу гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ангиллыг шинээр нээж, үзэл санаа, зорилго, гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтдэг ээжүүдэд шинэ алхам болсон юм. Энэхүү ангиллын анхны титмийн эзнээр Дархан-Уул аймгийн Шарын голоос гаралтай, гурван хүүхдийн ээж Баасансүрэнгийн Будсүрэн шалгарсан юм.
Б.Будсүрэн өнөөдөр Улаанбаатар хотод нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа юм. Түүний хувьд “Миссис” ангилалд оролцох шийдвэр нь зүгээр нэг гоо сайхны өрсөлдөөн бус, олон нийтэд хандсан тодорхой мессеж түгээх зорилготой байв.
Хоёр дахь болон гурав дахь хүүхдээ төрүүлэхдээ би 55 кг-аас 80 кг хүртэл жин нэмсэн. Тэглээ гээд өөрийгөө голоогүй. Харин ч өөрийгөө улам илүү ойлгож, хайрлаж сурсан. Би чинь бүхэл бүтэн амь төрүүлчихсэн хүн шүү дээ. Тэгэхээр энэ биеийн өөрчлөлт надад ичгэвтэр биш, харин бахархмаар зүйл болсон. Энэ бүх хугацаанд гэр бүл минь үргэлж дэргэд минь байсан. Нөхөр маань намайг үргэлж дэмжиж, урам өгдөг болохоор өнөөдөр би өөрийгөө илүү их хайрлаж өөртөө цаг зав гаргаж чадаж байгаа гэж боддог


Тэр жирэмслэлтийн дараах өөрчлөлтийг ичмээр зүйл биш, эмэгтэй хүний амьдралын гайхамшигт үе гэж үздэг. Энэ тухай үзэл бодол нь олон эмэгтэйчүүдийн сэтгэлд хүрч, ээжүүд түүнтэй холбогдон талархлаа илэрхийлсэн байна.
“Нэг ээж ‘Чамайг хараад би өөрийгөө хайрлаж төрнө гэж шийдсэн’ гэж бичсэн. Энэ үг намайг маш их догдлуулсан. Яг миний хүргэхийг хүссэн мессеж өөр хүмүүст хүрч олон ээжүүдэд итгэл, урам зориг өгч байгаа нь жинхэнэ ялалт шиг санагдсан.
Б.Будсүрэн гоо үзэсгэлэнг гадаад дүр төрх бус, дотоод мэдрэмж, итгэл үнэмшлээс үүдэлтэй гэж итгэдэг. Эмэгтэй хүн амьдралын туршид бие махбодын олон өөрчлөлтөд ордог ч, тэр бүр өөрийгөө шүүмжлэх бус хайрлаж сурах нь чухал гэдгийг онцолж байв.
“Хүүхэд төрүүлнэ, таргална, турна гэдэг бол эмэгтэй хүний амьдралын жамаар өрнөх зүйлс. Тэр бүрийг өөрийгөө голох шалтгаан биш, амьдралынхаа нэг бахархал болгож харах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах үед л эмэгтэй хүн жинхэнэ утгаараа гоо үзэсгэлэнтэй болдог.”
Б.Будсүрэнгийн ярианд “биеэ хайрла” гэх уриалга ганц үг төдий биш, амьдралаараа туулж, ойлгосон итгэл үнэмшил нь байв. Эмэгтэй хүн гэр бүлтэй боллоо гээд хүсэл мөрөөдлөө хойш тавих шаардлагагүй, харин ч түүнийхээ төлөө зоригтой алхам хийх хэрэгтэй гэдгийг тэр бодитоор харуулж чаджээ.
Б.Будсүрэнгийн нөхөр өмнө нь “Face of Mongolia” тэмцээнд түрүүлж байсан бол охин М.Оюунгоо нь 2025 онд мөн энэхүү тэмцээнд түрүүлж эх орноо төлөөлөн дараагийн тэмцээндээ оролцох болжээ.


М.Оюунгоо:
Миссийн тэмцээний хамгийн гоё мөч нь титэм зүүх. Ээжийгээ хараад зөндөө их баярлаж уйлсан. Харин миний оролцсон тэмээнд би өөрийнхөө нэрийг дуудна гэж бодоогүй /уйлав/. Хүн болгон надаар бахархаж байгаа нь үнэхээр гоё байсан.
Б.Будсүрэн одоо Монгол Улсаа төлөөлөн “Mrs. Asia Pacific” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм. Энэхүү олон улсын тэмцээн 2025 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 10-ны хооронд болох юм.
“Эмэгтэй хүн өөрийнхөө амьдралыг, өөрчлөгдөж буй бие сэтгэлээ, тэр бүх л түүхээ хайрлаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ээж болсон ч, өөрчлөгдсөн ч, чи гэрэлтэж чадна. Энэ бол зөвхөн миний биш, бид бүгдийн дуу хоолой байх ёстой гэж бодож байна.”
Эцэст нь тэр бээр өөрийг нь дэмжсэн бүх хүнд гүн талархал илэрхийлж, Монголын мянга мянган эмэгтэйчүүд, гэр бүлд чин сэтгэлийн сайн сайхныг хүссэн юм.
“Миний хүргэх гэсэн санаа бол маш энгийн. Өөрийгөө хайрла. Чи байгаа чигээрээ хангалттай гоо үзэсгэлэнтэй. Тэгээд өөрийгөө орхилгүй, зорьсон мөрөөдлөө хойш нь тавилгүй алхам хийж чадвал чи өөрөө өөрийнхөө мисс нь байх болно.







