
2025 он гарснаас хойш БНХАУ-ын усан спортын тамирчдаас хамгийн олон удаа допингийн шинжилгээ авчээ. Олон улсын Усан спортын холбооны дэргэдэх Шударга өрсөлдөөний газраас хийсэн судалгаагаар энэ оны 1-р сарын 1-нээс хойш Хятадын усан спортын тамирчид дунджаар 8.8 удаа допингийн шинжилгээнд хамрагдсан бол АНУ-ын тамирчид 4.1 удаа, Их Британийн тамирчид 2.2 удаа л хамрагджээ.
Энэ сард Сингапурт Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохтой холбоотойгоор Хятад улсын тамирчдаас гадна Олон улсын Олимпын хорооны далбаан дор оролцох Оросын тамирчид допингийн шинжилгээнд дунджаар 8.2 удаа хамрагдаад байгаа аж. Олон улсын Усан спортын хороо энэ сарын 10-наас 8-р сарын 3-ны хооронд болох тэмцээнд оролцох тамирчдаас нийт 4018 допингийн шинжилгээ авсан байна.
Хятадын чөлөөт сэлэлтийн тамирчин Ван Хаою 2025 он гарснаас хойш 13 удаа, 200 м мэлхий сэлэлтийн дэлхийн рекордын эзэн Чин Хайяанг 12 удаа допингийн шинжилгээ өгчээ 2021 онд Хятадын усанд сэлэлтийн 23 тамирчны шинжилгээнээс тамирчдад хориотой зүрхний эмэнд ордог бодис илэрсэн ч тэдгээр тамирчдыг Токиогийн зуны Олимпын наадамд оролцохыг зөвшөөрсөн тухай мэдээлэл 2024 оны 4-р сард ил болсон юм.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг Хятадын талаас тамирчдынхаа шинжилгээний хариуг тамирчдынх нь байрлаж байсан зочид буудлын гал тогооны бохирдолтой холбосныг тухайн үед хүлээн авсан ч уг мэдээлэл ил болсноос хойш Олон улсын усан спортын хороо Хятадын тамирчдын допингийн шинжилгээнд илүү ихээр анхаарах болсон аж.
Тамирчдаас допингийн шинжилгээ авах үйл явц Сингапурт болох тэмцээнийг дуустал явагдах ба тэмцээний явцад тамирчдаас нийт 830 шинжилгээ авах аж.






