
Оюутан болсон дараагаа би өвлийн амралтаар хөдөө гэртээ очоод гэрийнхнээ мал хуйд явсан хойгуур аавын улаан дээлийг өмсөж үзлээ. Бие тэнхээ өссөнг ч хэлэх үү аав нэг л намхан болчихсон юм шиг өмсдөг дээл хувцас нь надад багадах ч юм шиг сонин дэггүй бодол төрөөд огт болсонгүй. Метр 83 см өндөртэй, 87 кг жинтэй болчихсон чухам л лут эр байсан юм чинь.
Гэтэл аавын тэр улаан дээлийг өмсөөд үзтэл ханцуй нь газар шүргэх шахам, хормой нь хөлийн өсгий хавьцаа, өргөөшөө бол ярих ч юм биш. Бараг л дотор нь гурван би орсон ч ажирахааргүй том байсан юм. Ингэж дэггүйтэж зогсоход минь аав, ээж хоёр хониноос орж ирээд намайг учиргүй шоолоод
“Гүй ээ миний муу хүү юу идэж уухаараа ингэж турдаг байна аа. Хотын цахилгаан тогоон дээр хийсэн хоол ч хүнийг ийм туяхан согооноо болгодог юм даг уу даа. Алив аавдаа наад дээлээ тайлаад өгдөө” гэснээ өнөөх дээлийг өмсөж үзүүлж байна. “Харж байна уу. Аав нь ч цагтаа цалгиж явсан эр ээ. Одоо ч бууриа тавиагүй л байна. Миний туяхан согооноо ч аав шиг ээ болоход өдий байна даа. Тийм ээ Маа “ гээд ээж рүү хараад учиргүй хөхөрч билээ. Ээж хариуд нь “Хүүгээ туяхан согооноо гэж дууддаг чамаас мангар хүн ер нь байдаг ч юм уу үгүй ч юм уу” гээд жаахан дурамчхан суусан.
Угаас намайг 12 нас хүрээд хурдан мориноос хасагдах үед л аав ээж хоёр хүүгээ эрдэм номтой хүн болгоно, хот хүрээ бараадуулна гэсээр хөдөө нэг их байлгаагүй юм. Тэр үед Улаанбаатар хотод сурдаг хүүхдүүд л сайн сурдаг, соёлтой гэгддэг нэг ёсондоо од нь байлаа шүү дээ. Зуны амралтаар хөдөө очиход айл саахалтын хүүхдүүд ирж элдэв сонин зүйлс яриулна, авч очсон тоглоомуудаа ч харамгүй хуваалцдаг байлаа. Аавын найз нөхөд ойр хавийн уяачид орж ирэхэд “Манай туяхан согооноог хар аа. Хөл гар нь жүүтийчхээд. Энэ ч миний шийрийг хатааж морь уях хүн биш дэг ээ. Харин тэр эрдэм номоо л шагайгаад явах хүн байх” гэнэ. Одоо бодох нь ээ хонхрынхноосоо түрүүлж хүүгээ хот бараадуулж, эрдмийн зах хөөлгөснөө л гайхуулаад байж л дээ. Сүүлд их сургууль төгсөхийн алдад “Хүүгийнхээ хонхны баярт очно оо. Хот гэдэг газарт чинь очоогүй удсан байна шүү. Маа чи надад нэг томхон нудрагатай улаан дээл, ламынх шиг шар торгон монгол цамц хийж өгөөрэй. Хүүгийнхээ хонхны баярт оччхоод тэр пицца гэдгийг чинь олж идээд хотын туяхан хүүхнүүдтэй таанц эргэнэ ээ” хэмээн ярьж байсан ч гайтай Коронавирус гарснаар хонхны баяр болоогүй юм. Гэхдээ дүү их сургуулиа төгсөхдөө хохны баяраараа аав ээж хоёрыг хотод аваачсан л даа. Нөгөө том улаан дээл, шар цамцаа хийлгээд өмсчихсөн видео коллоор ярихдаа “Аав нь хааш хаашаа 40 м2 хэмжээтэй ийм нэг монгол гутал авсан. Кинотеатр орж кино үзлээ. Дүү чинь ээжтэй чинь хөтлөөд яв мав. Болзоо малзоо ч гэнэ үү заагаад л байх юм. Паалантай жорлон ч нэмэр алга. Хурдан буцах юм сан. Танай наад солонгосын хоол ч гэж дээ ходоод түлчих гэсэн халуун ногоо юу. Аав нь сайхан чанасан мах шийдэх үү хаха” гээд л учиргүй инээв.
Хажууд хамт явсан хүмүүс “танай аав яасан хөгжилтэй хүн бэ. Янзын жөүк хийж байна. Хайш хайшаа 40м2 гутал ч гэх шиг. Аав чинь ийм алиа марзан хүн болоод л чи ийм болчихсон юм байнашдээ. Танай аавтай танилцана аа. Ёстой гоё хүн байна. Чамайг гэрийхэнтэйгээ ярьж байхыг анзаарахад дандаа л гоё инээлдсэн хүмүүс байх юм” гээд л атаархангуй байцгааж билээ. Одоо ч гэсэн бүгд л тэгэж хэлдэг.
Аавыг хүмүүс эхлээд “Донгио Хүрэлээ” гээд л муухайгаар хочилдог байв. Би ч “манай аавыг донгио гэдэггүй юм заа” гээд л үеийнхэнтэйгээ зодолддог, бүүр зодчихдог байсныг яана. Нэг удаа ангийнхаа нэгэн хүүг энэ маргаанаас болж дэлсэж аваад бөөн хэрэг мандаж билээ. Ээж нь манай гэрт хүрч ирээд л “Дуугүй хүүний доодох нойтон гэж. Хүний хүүхдэд гар хүрдэг балмад танхай амьтан байж. Хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм” гээд л ээжийг загнаж гарсан. Явсан дараа нь надаас яагаад зодсоныг нь асуухад “Аавыг, аавыг донгио, донгио, донгио.. гээд байсан юм чинь” гээд л ээрч муураад уйлчихсан. Аавыг хөдөөнөөс орж ирэхэд нь ээж энэ явдлыг хэлэхэд “Миний хүү аав нь хүмүүсийн хэлснээр донгио болчихгүй. Хүн зодож яав ч болохгүй. Тэр бол чиний хийх ажил яав ч биш. Тэвчээртэй бай. Хүний цохилуур нь таарвал шүдэнзний модонд цохиулаад ч үхэж мэднэ. Болчимгүй үйлдэл бүхэн муу үр дагавар л авчирна. Тэнгэр шиг бай” гэж хэлж билээ.
Хожим яагаад хүмүүс аавыг тэгэж нэрлээд байсныг сонссон л доо. Мань хүн залуудаа жаахан “поогоо” үсэргэчихдэг байж. Тэгээд л нэг зодооныг нь харсан найз нь манай Хүрлээ ч ёстой донгиорсон юм шиг л улаан галзуу үзэж байна лээ гэж ярьснаас нь хойш тийм хочтой болсон юм билээ. Сумын наадмаар агсам гэж жигтэйхэн хүрэн халзан морь унаж очоод “чүү” гээд л амыг нь татаад цоройлгоход үзэгчид хоёр тийшээ ярагддаг байсан гэж байгаа.
Орой нь сумын бүжгэн дээр дарвисан залуус хоорондоо гар зөрүүлэхэд “Тарны яргай тархинд чинь зоогоод өгье” гээд л хашгирч явсан түүх нь л “Донгио” хоч зүүлгэж л дээ
Өөрөө сүүлд ухаажихын хэрээр найзууд нь хуралдаж манай Хүрэлээд донгио гэдэг нэр яав ч зохихгүй. Харин хэдүүлээ “Лам Хүрэлээ” гэж байя гэж тогтсон байгаа юм. Одоо шавь, дүү нар нь, том болсон унаач хүүхдүүд нь “Лам ах” гэдэг болсон юм. Энэ нэр ч бас учиртай. Овоо товгийн наадамд уясан морьд нь тархины тавд л уралдана. Аав үргэлж л мотоциклтой морь дагадаг байсан бөгөөд дурандахад шар цамц, улаан дээлтэй хүн эхний таван морины ойролцоо явж байвал “Ок найдвартай. Манай хул азарга өнгөлж яваа юм байна” гэж ойлгодог байлаа шүү дээ. Тэр хул азарга нь ч аавыг их баярлуулсан. Ойр хавийн аймаг бүсийн наадамд “Хүрэлээгийн хул” гэж зартай амьтан байсан юм. Уясан морьд, унаган адуу нь хул хонгор голдуу, улаан дээл, шар цамцтай “Лам Хүрэлээ” ингэж л бий болсон.
Нутгийн хүмүүс “танай аавыг өвгөрөөд байхгүй болчихвол яана аа” гэж үргэлж хэлнэ. Хүн юу л гуйна байгаагаа өгчихнө. Ядарч яваа бол наад хоттой хониноосоо арвыг бариад яв гэнэ. Хонхрынхны цагаан сарын хэвийн боов, гүүний үрс гаргах, бэр гуйх ер юуханд л “Аав чинь байна уу” гэсэн дуудлага ирнэ.
Аав нь дөрөвдүгээр ангийн боловсролтой дөрвөн аргын тоотой л хүн. Одоо чи л энэ ойлголтыг эвд. Хэдэн малаа бүртгэхдээ Итгэлт баян шиг тэмдэглэчихээд сууж байж мэдэх аавынхаа хажууд Эрдэнэ шиг данс тооцоо хийх хүн болох хэрэгтэй. Эрдэм мэдлэг сурч чадвал эх орондоо ихийг хий, эс чадвал энд ирж малаа маллаарай чи гэж зэмлэнэ.
Уг нь аав тийм ч хоосон хүн биш. Өдөр нь малдаа явж ирээд шөнө нь ном уншаад хэвтчихнэ. “Морь унасан толгойгүй хүн”, “Элс цас”, “Харуул алтай”, “Тунгалаг тамир”, “Манан будан”, “Газар шороо”, заа тэгээд Ринчен, Б.Явуухулан, Ц.Дамдинсүрэн гуайн “хоёр цагаан юм” тэргүүт ном зохиолууд гэрээр дүүрэн. Эргээд бодох нь ээ орчуулгын уран зохиолын ном цөөн байсан шиг. “Зуун жилийн ганцаардал” “Шадар гурван цэрэг” тэргүүтэй хэдхэн ном л байсан болов уу. Эсвэл би санахгүй ч байж мэднэ. Харин сүүлдээ уран зохиолын ном огт уншихаа больж хурдан морины шинж, халхын зартай хүлгүүд энэ тэр гэсэн номууд л унших болсон. Одоо ч авдарт нь тийм л номууд байгаа даа.
Дүү бид хоёрыг ч гэсэн яг энэ дадлаараа хүмүүжүүлсэн. Хонинд явлаа гэж гараад л айлаар орохдоо нэг ном өвөртлөөд ирнэ. “Хан харангуй”, үлгэрийн номууд, “Хөгшин чоно ульсан нь” гээд яг сонирхол татах ном авч ирнэ шүү дээ. Аав ээжийгээ сум явахаар өврөөс нь чихэр гарч ирэхийг хүлээн горьдож суудаг хүүхдүүд байдаг бол бид хоёр хонинд яваад ирэхээр нь ямар номтой ирэх бол гээд л хүлээнэ. Байнга авч ирэхгүй л дээ. Эхний номуудаа уншаад дуусах үед яг тааруулж авч ирнэ. Дуусаж байгаа гэдгийг яаж мэддэг байсан юм бүү мэд. Дуусахаар нь өнөөхөө буцаагаад аваад явна. Хэдхэн л айл бий хэнийхээс тэгэж зөөгөөд байсан юм бас л би мэдэхгүй.
Их сургуулиа төгссөн дараа хөдөө явах замдаа уншина гээд “Гунигт янхануудаа дурсахуй” номыг авч яваад аавын авдар дээр тавиад мартчихаж.
Нэг өдөр ээжтэй утсаар ярихдаа “аав бро юу хийж байна” гэтэл “Чиний үлдээсэн янхан манхан гэсэн номыг уншаад л хэвтэж байна” гэж хэлээд бөөн инээдэм болж билээ.
Социализмын он жилүүдэд 300 гаруй тэмээ малладаг байсан өвөө л аавыг хүчээр хөдөө гаргачихсан юм билээ. Бусдаар сурч боловсроод явсан сан бол гэж халаглах хүн олоон, олон.
Дүүг дөрвөн настай, намайг долоон настай байхад шатар зааж өгөөд хооронд нь өрсөлдүүлсэн. Өөрөө ч бид хоёртой ач дач үзнэ. Орой малаа хотлуулчхаад тамхиа асааж аваад л нүүнэ шүү дээ. Дүү ч маш хурдан сайжирч аавтай ана мана үздэг болов. Аймгийн аварга, улсын долоодугаар байр гэх мэтчилэн шагнал түүдэг болсон. Би ч аль алиныг нь хожихгүй болохоороо шарлахаад уурлана, хэрэлдэнэ, хожигдохоо дөххөөр шатраа нураачхаад буруу хараад хэвтчихнэ. Ээж л намайг өмөөрнө. Тэр хоёр нийлээд хор шар малтаад амар заяа үзүүлэхгүй. Заримдаа аав дүү хоёрт хожигдохоороо зальтана. Тэгэхээр аав тоглохгүй гэнэ. Ээж оонын эвэр шиг хоёр хүүхдийнхээ нэгийг нь ад үзлээ гээд л өмөөрөөд үзэж тарна. Манай гэрийн хамгийн гоё хэрүүл тэр байх аа. Аав дүүгийн талд, ээж миний талд оройн шатрын хэрүүл яав ч муухай байхааргүй байгаа биз.
Шатраас гадна амьдралын хичээл ч олныг заасан. Аав газар орон нутаг цээжлэхдээ сайн, орчны баримжаа авахдаа их сүрхий. Хойшоо Өвөрхангай, Урагшаа Өмнөговь, баруунчаа Баянхонгорын захын сумд, зүүнчээ Дундговийн сумд цаашлаад Төв аймгийн Сэргэлэн хүртэл гаргаахгүй. Алдуул малын эрэлд явсаар энэ газар нутгуудад их ч олон найз нөхөдтэй болсон юм билээ.
Эрэлд явна гэснээс нэг удаа аав намайг урагшаа адуунд явахдаа дагуулж явдаг юм байна. Ахар, Хоромсого цаашлаад Өмнөговийн Мандал-Овоогоор явлаа. Тэр жил цас зуд ихтэй олон ч адуу уруудсан, үхсэн гэж жигтэйхэн. Гурав дөрвөн аймгийн эрэлчид яавтай /мотоцикл/ давхилдана.
Өдөржин уулаас уул дамжин дурандаж явсаар нэг л мэдэхэд оройн нар жаргачихав. Гай таарч бидний мотоциклын дугуй хагараад айлтай золгож чадалгүй хээр суучхав. Дугуйгаа нөхсөн ч ойр хавь давхиад очих айл байсангүй. Үстэй дээл, дэгтий дахтай хэдий ч жиндэж байгаа гэж жигтэйхэн. Тэгтэл аав ойр хавиас хэдэн аргал хормойлж ирээд гал түлэв. Хэсэг сайхан цогшуулж авснаа хоёр галаа хөлөөрөө холдуулж хаяад энэ газар одоо халуун байгаа. Энэ дээр унтаад өгнө дөө хоёулаа. Миний хүү ар нуруу чинь даарвал дээшээ, энгэр заам чинь даарвал доошоо ээлжилж хараад унтаад бай. Аав хүү хоёр өглөө нартай золгочихвол асуудалгүй. Эр хүн хал үзэж халуун чулуу долооно гэдэг чинь энэ.
“Хөдөө хээр явахдаа жожголкийг гал гэж бодож болохгүй заавал шүдэнз авч явж бай. Шөнө оройгоор аль болох хол замд явах хэрэггүй. Унаа техник үнэтэй машинд итгээд бүүр ч хэрэггүй байдаг юм даа. Бүрэн бүтэн байдлыг нь ч гэсэн сайн шалгаж байж хол замд гарвал аминд өлзийтэй” гэж билээ.
Тэр шөнө хөл жаахан даарсан ч хөлдөж үхтлээ аминд тулаагүй. Маргааш нь азаргатай адуунаас тусдаа явсан уядаг морьдынх нь сураг гарсан ч яваад очтол байсангүй. Аав тэр олон адууны мөрөн дундаас хүрэн мориныхоо мөрийг таньсан гээд боддоо.
Энэ миний хүрэн морины мөр мөн байна. Их цэвэрхэн хомбон туурайтай адуу байгаа юм. Гишгэдэл нь хүртэл хүнд, газар жаахан цөмлөж явдаг. Чи сайн харвал энд яг 12 адууны мөр байгаа гэсээр өдөржин би явган, аав мотоциклтой мөрдөв.
Орой нар буухын алдад энүүхэн толгойн ард Мандалын нэг айл байх учиртай. Тэнд хоноод маргааш мөшгинө өө, одоо ч ойртож л байх учиртай гэв. Нээрээ л нэг толгод давтал цаана нь ганц гэр байв.
Хоёр өдөр хэлэн дээрээ юм тавиагүй ундаассан амьтад өнөөх айлд ортол хүн байсангүй. Хэсэг хугацааны дараа айлын эзэн улаан “hensim” мотоциклдоо дөрвөн ч адууны шир аччихсан давхиад ирэв.
Тэр өвөл адуу их үхсэн учир шир нь үнэд орж мань эр ойр хавийн хавирга шороодсон адууг хуулдаг байж л дээ. Гэрт эм хүн байх шинжгүй бөгөөд айлын эзэн орж ирснээ аавтай мэнд ус солилцсоноо хоол хош хийх болов.
Гэтэл гэрийн эзэн үхсэн адуу хуулсан цустай гараараа бантангийн гурил багсардаг юм даа. Хоол ч түд удалгүй болж аав ч нэг аягыг идчихээд бүүр нэмүүлэв. Миний огиудас хүрээд л “аав анзаараагүй юм байхдаа. Яаж хэлэх үү” гэж бодож суув. Хоёр өдөр юм идээгүй хоолны үнэрт толгой эргээд, дотор муухайраад нэмэр алга. Тэгтэл аав “Миний хүү хоолоо ид” гээд хээв нэг хэлж байна.
Бантсан би дотроо огин барин арай хийж аяганы тал бантан идсэн. Маргааш өглөө нь өнөөх айлаас мордоод таван километр явна уу үгүй юу бид эрлээ олов. Адуу тууж явах замд аав “Эр хүн хоолтой хоолгүй, орох оронтой оронгүй явж олон юм үзнэ шүү. Чи өчигдөр хоолоо яагаад идээгүйв. Тэр хүн хэдий бохир гараар хоол хийсэн ч сайхан сэтгэлээр хийж өгсөн юм шүү. Тийм юман дээр юм бодож болдоггүй. Тоохгүй л байх хэрэгтэй” гэж билээ.
Тэр өдөр нь би жигтэйхэн өлсөж нээрээ л өнөөх бантан үхтэл санаанд осон.
Аавын “Орой Баян Жамсрангийнд очиж өөхтэй мах чануулж иднэ” гэж хэлсэн үг нь л намайг бага багаар цатгаж, тэр өдрийг давуулсан юм.
Тэр орой нээрээ л өнөөх айлд буухад мах чанаад араас нь намайг маханд төдийлөн идээшдэггүй байж мэднэ гээд цуйван хийж өгсөн. Аавд шил архи гаргаж ч өгсөн сөн. Аавтай холбоотой ийм дурсамж зөндөө.
Хүн ер нь амьдралын эрээн бараан, элдэв сонин зүйлстэй шууд нүүр тулаад ирэхээр аав, ээжийгээ ойлгож эхэлдэг байж магадгүй. Тэр үед яагаад жаахан балгачихдаг байсныг, ээжтэй юунаас болж маргадгийг нь хүртэл өдөр ирэх тусам л ойлгох болж ээ.
Одоо аав бид хоёрын яарьдаг зүйлс гэвэл ардчилал улс эх орны байдал гэх мэтчилэн олон зүйлс бий. Аав өөрийгөө “Ардчиллын алтан хараацай” гэж хэлэх их дуртай. Өчигдөр утсаар ярихдаа “Мэдэхгүй ээ манай ардчилсан намыг С.Эрдэнэ, Х.Баттулга, Лу,Гантөмөр, Ц.Элбэгдорж гэх мэтийн хулгайчууд самраад дууссан. Яах аа мэдэхээ байсаан хаха” гээд учиргүй инээсэн. Одоо бодвол “Цагийн хүрд”, “монгол коммент”, eagle- ийн мэдээгээ үзээд зурагттайгаа хэрэлдээд л сууж байгаа биз.
Аа нээрээ “туяхан согооноо” гэдэг хочоосоо салах гээд аавтай хотонд хурга тавьж явахдаа барилдчих уу гэж асуусаан. Тэр үед би жүдо энэ тэрээр хичээллээд үзчихсэн додьгор байсан ч аав намайг хавар салхинд угаасан цамцаа сэгсэрч байгаа аятай л мөрөн дээрээс минь барьж аваад дугтарчхаж байна лээ.
Ээж харж зогсосноо “хүүе Зулаа аав агаа хоёроо хар аа. Энэ хоёр зөнөг чинь нэгнээ алах нь л дээ” гээд л инээлдсэн.
Хэдий 25тай эр бяр жигдэрсэн ч аавдаа туяхан согооноо хэвээрээ л юм билээ дээ.
Би ааваар дүүрч, аав надаар дүүрч явах амьдрал яасан сайхан бэ. Аавынхаа өмдний гуянд дүүрэн чулуун тоглоом дүүргэчихдэг. Нүүдэл суудлын үеэр Умааханы энэ чулуунуудыг авч явах төвөгтэй юм хэмээн авгууд дургүйлхэхэд миний хүүгийн хөрөнгийг тэгэж болохгүй ээ гэж хэлээд ачаан дээр шидчихдэг аавтай байх сайхаан. 50 гаран кг чулуу шүү дээ.
Тэр ч бүү хэл өөрөө малд явахдаа хутгаар зассан аятай гурвалжин морь олж ирээд миний чулуун адуунд нэмдэг байсныг яана.
Сайхныг нь яриад байвал үргэлжлээд л байна. Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг шиг “Хүрэлээгийн хүүтэй суухад зүгээр шүү. Удам судрыг нь харвал яав ч муу хүмүүс биш” гэж нутгийн улс ярьдаг л болсон юм билээ шүү аав аа.






