
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 9-р сард Их Британийн хаан III Чарльзын урилгаар Их Британид төрийн айлчлал хийхээр болсон талаар Бакингемийн ордноос мэдээлжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын айлчлал 9-р сарын 17-ноос 19-ны хооронд үргэлжлэх аж.
Бакингемийн ордноос гаргасан мэдэгдэлд III Чарльз хаан Ерөнхийлөгч Д. Трампыг Виндзорын ордонд хүлээн авна гэж бичжээ.
Өнгөрсөн сард Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Д. Трампад Их Британийн хааны бичсэн захидлыг гардуулсан ба Д. Трамп III Чарльзын Их Британид айлчлал хийх урилгыг хүлээн авснаа мэдэгдсэн юм. Тэрээр орчин цагийн түүхэнд Их Британийн хаан, хатны урилгаар Их Британид хоёр удаа айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болох юм.
Д. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх хашиж байхдаа 2019 оны 6-р сард Хатан хаан Элизабетын урилгаар Их Британид 3 өдрийн айлчлал хийж, хатан хаан Элизабеттэй өдрийн хоол идэж, хунтайж Чарльзтай цай ууж байсан юм.
Түүнээс гадна Д. Трампын 2018 онд Их Британид хийсэн айлчлалд Лондон 18.88 сая ам.доллар зарцуулж, Их Британи даяар Д. Трампын айлчлалыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөн билээ.
Ерөнхий сайд К. Стармер, Ерөнхийлөгч Д. Трамп хоёр энэ сард Шотландад уулзах юм. Өнгөрсөн сард Канадад болсон “Их-7”-гийн чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд худалдааны гэрээ хийж, К. Стармер Их Британийн бараанд тогтоосон АНУ-ын импортын гаалийн татварыг бууруулж чадсан юм.
Эх сурвалж: Reuters






