
Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Улсын аварга Д.Хадбаатарын хүү аймгийн начин Х.Мягмарсүрэн Төрийн наадамдаа зодоглон, гурвын даваанд Улсын арслан Э.Оюунболд амлан барилдаж давсан юм.
Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Э.Оюунболд арслантай сая барилдлаа. Барилдаан хэр өрнөв?
– Нэг их дээгүүр амлана гэж бодоогүй. Жоохон доошоо амлагдах болов уу л гэж бодож байсан. Бяртай, хүчтэй арслантай харгүй сайхан барилдлаа.
Санасандаа хүрч чадсангүй, жоохон гунигтай байна.
Энэ жил улсын баяр наадамд аль аймгийн бөх түрүүлнэ гэж та харж байна вэ? Цолоо ахиулах бөхчүүд дээр хэн хэнийг нэрлэх вэ?
– Манай Төв аймгийн Улсын заан Хүдэрбулга маань цолоо ахиулах байх, цаашлаад төрийн наадамдаа түрүүлж Улсын заан цолноос улсын арслан болж ард түмнээ баярлуулах болов уу л гэж харж байна даа. Найзынхаа хажууд суугаад, хүлээгээд, найзыгаа дэмжээд л сууж байна.
Таны хувьд энд бэлтгэл хэр байгаа вэ?
– Бэлтгэлээ сайхан базаасан. Өөрийнхөө хэмжээнд сайхан барилдлаа. Төрийнхөө наадамд 2 даваад 3-ын даваанд Улсын Арсландаа амлуулаад өөрийнхөө хэмжээнд сайхан л барилдсан. Нэгийн даваанд Завхан аймгийн заантай таарсан. Нэгийн даваанд сайхан барилдаж даваад, 2-ын даваанд Улсын гарьд Бат-Эрдэнэтэй барилдсан.
Харгүй сайхан барилдаад, бид 2 нэлээн удаж байж, тэгш барьцанд хүрч байж нэг юм шийдэгдэж давсан.
“Зүлэг” нэлээн шүүмжлүүлдэг шүү дээ. Энэ жилийн тухайд хэр халтиргаа гулгаатай байх шиг байна?
– Бороо ороогүй учраас одоохондоо хуурай, дотроо жижигхэн үр цацагдсан байгаа учраас харьцангуй гайгүй байх шиг байна. Одоо хэний дээлийн захыг мушгих вэ? Нутгийнхаа Улсын заан Хүдэрбулгынхаа дээлийн захыг сушгиад сууж байна даа.
Монголчууддаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү, Наадам гэхээр хамгийн түрүүнд юу санаанд нь ордог вэ?
Наадам чинь миний хувьд, манай гэр бүлийн хувьд хамгийн сайхан баяр. Монголчууд хамгийн дээдэлж, хүндэлж хайрладаг баяр бол Цагаан сар, наадам юм чинь ард түмэн маань сайхан наадах байх.
Дэлгэр сайхан наадаарай гэж хэлье.
Аавтайгаа хамт наадам үзэж байсан сайхан дурсамж байдаг уу?
– Тийм дурсамж надад байхгүй. Би ааваасаа хойш ой 6 сартай үлдэж байсан учраас тийм дурсамж байдаггүй. Үргэлжлэл нь болоод сайхан барилдаад явж байна. Аав маань хүүгээ барилдах үед дэмжээд, дээрээс хардаг байх даа л гэж бодож, залбирч, тэмүүлж барилддаг даа.
Аавынхаа нэрийг дуудуулаад гарах ямар мэдрэмж төрдөг вэ?
– Тэр л бол хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Сайн барилдах ч байсан саар барилдсан ч байсан хамгийн гол юм чинь дэвээд гараад явж байна. Аавынхаа нэрийг дуудуулж байна. Үндэсний том өв соёл энэ сайхан соёлоо үргэлжлүүлээд удмаа дагаад барилдаад явж байгаа маань л сайхан байдаг.
Бэлтгэлээ сайхан хийгээд хөдөлмөрлөж явахад Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж нэг өдөр сайхан том цолонд хүрнэ дээ гэж зориод л хичээгээд явж байна.
Баярлалаа.
– Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.






