
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Японы эзэн хаан Нарухито, хатан Масако нар Монгол улсад хийж буй айлчлалынхаа 6 дахь өдөр Монголын Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсон тухай мэдээг онцолжээ.



Монгол Улс нь Мөнх хөх тэнгэрийн орон гэгддэг ба хатан Масако хөх өнгийн хослол өмссөн нь монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн талаар дурдсан байна.
TV Asahi сувгийн мэдээлснээр эзэн хаан Нарухито, хатан Масако нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар Төв цэнгэлдэх хүрээлэд орж ирэх үед цугласан олон зуун хүмүүс алга ташилтаар угтан авчээ.
Наадам нь НҮБ-ын Дэлхийн өвд багтсан Монголын хамгийн том спортын наадам бөгөөд эзэн хаан Нарухито анх 2007 онд угсаа залгамжлах хунтайж байхдаа наадмын үеэр Монголд айлчилж байсан түүхтэй юм.


Эзэн хаан, хатан хоёрыг дагалдаж яваа сэтгүүлч Ёшида Харүка, “Хатан Масако амьтанд хайртай нэгэн. Түүнд морьтой үзүүлбэрүүд их таалагдсан нь харагдаж байсан. Тэгж их инээмсэглэж байгааг нь ойрд хараагүй. Төлөвлөгөө ёсоор наадмын нээлтийн дараа эзэн хаан Нарухито ганцаараа нум сум харвааны талбай руу явах ёстой байсан ч хатан Масако гэнэт түүнийг дагалдахаар болсон.” гэжээ.
Нум сумын харвааны талбайд хүрэлцэн ирсэн эзэн хаан, хатан хоёрыг үзэгчид мөн л алга ташилтаар угтсан юм. Тэнд цугласан үзэгчдийн дотор гадаадын жуулчид байсан ба зарим нь Японы эзэн хаан яг мөн үү? хэмээн гайхаж байсан аж.
Өнөөдөр эзэн хаан Нарухито, хатан Масако нар соёолонгийн уралдаан үзэж сонирхсон юм.
Эх сурвалж: TV Asahi






