
Өнөөдөр дэлхийн адууны өдөр тохиож байна.
МУГЖ У.Далантай дуунд мөнхөрсөн “Гоё халиун” морь өдгөө 26 настай төрийн наадмын өмнө өөрийгөө сойж байна.
26 нас гэдэг хүнтэй харьцуулах юм бол 90, 100 насалснаас өөрцгүй билээ. Түүний эзэн Монгол Улсын алдарт уяач Т.Энхтайван “Олон жил уралдсан болохоор наадмын өмнөөс л өөрийгөө сойгоод эхэлдэг юм. Уг нь бид барьж уядаггүй” хэмээн ярихыг сонсоод “Тод магнай” кино санаанд орж байлаа.
2004 оны улсын баяр наадам бороо ногоо элбэгтэй тэнүүн сайхан зун болж байсан санагдана. Халхын хамаг л хурд Хүй мандалын торгон дэвжээнд цуглажээ. Тэр жил би зургаан настай аавыгаа дагаж улсын наадам үзэхээр ирсэн нь энэ байлаа.
Соёолон насны морьд мордоход Н.Энхтайваны “Гоё халиун”, “Зоос бор” гэх этгээд сонин содон нэртэй соёолонгуудыг үйзэлээр зарлаж байв. Газар газраас цугласан түмэн эх хүлгүүдийг гарааны зурхайгаас эргэхтэй зэрэгцэн “Од хээр”, “Зоос бор”, “Гоё халиун” гурав л зуузай холбон явна” хэмээн тайлбарлана.
Тэр жилийн наадамд “Од хээр” гараанаас гарахаас эхлээд хол тасарч, “Гоё халиун”, “Зоос бор” хоёр араас нь тун шаргуу нэхэж уралдсан юм. Хол тасарч “зугтаасан” Од хээрийг нэхсэн “Гоё халиун” бариан дээр бараг л гүйцэж, аман хүзүүдсэн юм. Харин “Зоос бор” тэлэгдэн сууж тавд оров. Үнэнхүү хурдан байсан гэлцэх тэр жилийн наадмын гурван соёолонгийн уралдааныг манай хурдан морины хорхойтнууд тод санаж байгаа биз ээ.
600 гаруй километрийн алсаас ааваа дагаж ирсэн унаач хүү тэр л үед хамгийн сонсголонтой нэртэй “Гоё халиун” хэмээх морины нуруун дээр байсан бол хэмээн догдолж хөлстэй алгаа үрж зогсов. Түүнээс хойш “Гоё халиун” олон ч төрийн довтой наадамд торгон жолоо өргүүлж, “Энэ чинь Т.Энхтайваны “Гоё халиун” мөн шив дээ” гэх яруу үгээр наадамчин олноо мялаасан даа.
“…Түүнийг хязаалах жилийнх нь хавар Монгол Улсын Алдарт уяач Т.Энхтайван Тод манлай уяач Г.Сандуйжавын хамт очиж, шинжин худалдан авсан гэдэг. Тэр жил уяач Т.Энхтайван Сүхбаатар аймгийн 60 жилийн наадамд айрагдсан бор үрээг ч өндөр үнээр авсан байсан гэдэг. Тод манлай уяач Г.Сандуйжав Т.Энхтайваны худалдсан халиун үрээг бор үрээнээс нь илүү хэмээн үнэлж буйгаа шуудхан хэлсэн байна.
Үнэхээр ч Тод манлайн хэлснийг баталж тэр жилийн улсын наадамд “Гоё халиун” түрүүлж, “Үүлэн бор” үрээ аман хүзүүнд хурдалжээ. Улсын наадмын дараа болсон Архангай аймгийн 80 жилийн ойн наадамд мөн л “Гоё халиун” түрүүлж, “Үүлэн бор” айргийн гуравт давхив. Улсын наадамд дараалсан хоёр морьдын дунд “Буган хүрэн” орж, аман хүзүүдсэн юм. “Буган хүрэн” азарга эл наадмаас хойш олон жил хурдалж байгаа ба “Очирвааний хурд 2009” баруун бүсийн наадамд айргийн дөрөвт хурдалснаар бүсийн наадмын 7 дахь айргаа авсан билээ. “эх сурвалж: Тод магнай”


Дараа жил нь “Гоё халиун” хавчиг насандаа Ц.Цэрэнжээгийн хээр, Д.Сугарын алаг, Согоо хээр зэрэг аварга морьдтой уралдаж төрийн наадмын аман хүзүүнд хурдалснаар наадамчин олны хайр талархлыг улам бүр хүлээх болсон юм.
Долоон настай жилээ улсын наадамд мөн л аман хүзүүнд хурдалсан боловч уралдаан будилаантай болсон гэх дуулианаар “Гоё халиун”-ы амжилтыг тооцсонгүй. Ийнхүү улсын наадамд амжилтаа тэмдэглүүлээгүй ч “Гоё халиун” тэр жилээ Хөдөө арлын цэнгэл наадамд зургаад хурдлан ясны хурдан хүлэг гэдгээ баталсан түүхтэй.
Гоё халиуны давхилыг нүдээр үзвэл цахилж яваа гөрөөс л санаанд орохоор. Угтаа хүүхэд цангинатал гүүглээд ташуураа эргүүлэхэд ямар ч түмэн эхүүдийн дундаас шидсэн чулуу шиг цойлон гарч ирдэг хүлэг билээ.
– “ОЛОН ЖИЛ ТӨРИЙН НААДАМД УРАЛДСАН ЮМ БОЛОХООР БИЕЭ СОЙГООД ЭХЭЛЖ. УГ НЬ УРАЛДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ” –
Төр түмнээ олон жил баясгасан алдарт “Гоё халиун” хүлэг өдгөө 26 нас насалж, наадам болох дэнжийнхээ ойролцоо идээшилж явна. Төрийн наадамд олон жил дараалж уралдсан хүлгүүд наадам дөхөхтэй зэрэгцэн өөрийн зөнгөөрөө биеэ сойж эхэлдэг гэх түүх ч олон бий.
“Гоё халиун” 26 нас хүрсэн хэдий ч тамир тэнхээ сайтай байна. Гэхдээ тэр бусад хүлгүүдийн адилаар өөрөө өөрийгөө сойгоод эхэлсэн байх дүр зургийг ажвал даанч самсаа шархирмаар…