
Хэвлэл мэдээллийн 10 сайт хамтран “Эв эе” нэвтрүүлгийг та бүхэнд бэлтгэсэн хүргэсэн билээ. Тус нэвтрүүлгийн зочин хойморт саатсан “Халзан бүрэгтэй” төслийн гүйцэтгэх захирлаар А.Цолмонтой цөөн хором ярилцлаа.
-Сайхан наадаж байна уу. Наадам болж байгаа ч тантай “Халзан Бүргэтэй” төслийн талаар яръя. “Халзан Бүргэтэй” гэхээр л Ховдын иргэд компани хоёрын л “зодоон” гэж ойлгож байна. Тэгэхээр хоёул энэ төсөл яагаад урагшлах ёстой юм. Монголын эдийн Засагт ямар үр өгөөжтэй юм гэдгээс яриагаа эхэлье.
-Сайхан. Та сайхан наадаж байна уу. Дэлхий дээр газрын ховор элементийн уралдаан болж байна. Украины хувьд газрын ховор элементийн нөөцийг нь АНУ тогтоож, ашиглалтад оруулах юм шиг байна. Нөгөө талаасаа ОХУ АНУ-д “Манай газрын ховор элементийг ашиглаач ээ. Бид нарт сайн судлаагүй, нөөцийг нь тогтоогоогүй ч гэсэн ховор элементүүд байна” гэж хэлж байна. Бид ч бас энэ бүхнээс түрүүлж хөдлөх гээд, тэрхүү зах зээл дээр түрүүлж байрлуулах гээд л байгаа юм. Хэрэв энэ зах зээл чинь ханаад эхэлчихвэл үнэ нь дагаад буурчих байхгүй юу.
-Урьдчилсан байдлаар ямар ховор элементүүд байгаа гэсэн тооцоолол гарсан бэ?
-Дандаа батарейн түүхий эд байгаа. Тэр нь өөрөө цахилгаан машины моторт хэрэглэгддэг түүхий эд, нөгөө талаасаа гар утсанд ч зарим хэсгийг нь, мөн салхин сэнсэнд ашигладаг. Ер нь бол эрчим хүчний шилжилт гэж яриад байгаа энэ зүйлд л хэрэгтэй зүйл. Гэхдээ Монгол Улсад хүмүүс сайн мэдэхгүй, ашиглаж үзээгүй, олборлож байгаагүй. Хайгуул нь ердийн ашигт малтмалтай яг л адилхан явагддаг.
Хайгуулын төсөл өнөөдөр яг яаж нөлөөлөхийг хэлэхэд үнэхээр хэцүү зүйл. Гэхдээ ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа хөгжлийн төсөл байхгүй юу. Алт шиг хоёр жил хайгуул хийгээд, гурав дахь жилээсээ шууд зараад, үр ашгаа өгөхгүй ч байж мэднэ. Гэхдээ ашиглалтад орсон цагаас хойш 25 жилийн хугацаанд 600 хүний ажлын байртай болгох юм. Үүгээр зогсохгүй ханган нийлүүлэлтээрээ өчнөөн мянган ажлын байрыг бий болгоно. Мөн аймаг, сумын нутагт төвлөрүүлэх төсвийн асуудлууд яригдана. Нөгөө талаасаа манайх Баруун бүсийн хамгийн том цахилгааны хэрэглэгч болно. Үүнийг дагаад ердийн хэрэглэгч дээр очих цахилгааны дарамт буурна гэж хардаг. Ховд нутгийн иргэд, Баруун бүсийн иргэд, тэр дундаа Мянгад сумын иргэд бидний юу хийх гээд яваад байгааг ойлгоосой.
Өнөөдөр юу ч амлаж чадахгүй ч, маргааш маш том зүйл амлаж байгааг ойлгоосой. Тэгээд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхэд иргэдийн зүгээс ч мөн хариуцлагатай байгаасай . Сонсох үүргийнхээ хувьд сонсож, хяналт тавих үедээ хянаж байгаасай.
Өнөөдөр говийн бүс ашигт малтмалтай сайхан хөгжөөд явж байгаа шиг маргааш Ховдын Мянгад, Баруун бүс ийм байхыг үгүйсгэхгүй. Баруун бүс Монгол улсыг эдийн засгийн хувьд “тэжээж” ч мэднэ. Тэгээд хүүхэд залуучууд нь дэлхийд нэр хүндтэй боловсон хүчин болоод эцэг эх, ар гэрийнхнээ гаднын сайхан орнуудаар зугаалуулаад явах тэр өдөр ирнэ ээ л гэж боддог.