
Хүнд сурсан мэдсэн зүйл байхад хэн ч булааж авахгүй, тухайн хүний өөрийн л эрдэм хэмээн ахмадууд ярьдаг. Иймдээ ч хүн сурах, суралцах тусмаа улам бүр өөрийгөө хөгжүүлж басхүү хөгжиж байдаг.
Маш сайн онцгой чадвартай, сурсан мэдсэнээ гарамгай эзэмшсэн байхад нэгэн бодлын бусдын гарыг харах бус харин ч өөрт илүү амар, тустай билээ. Бид Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг зорихдоо хэд хэдэн контент бэлтгэсний нэг нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Байлдагч У.Тэмүүлэнг онцолсон юм. Тэрбээр Сэлэнгэ аймгаас хугацаат цэргийн албанд өнгөрсөн намар татагдан иржээ. Багаасаа л эмээ, өвөө дээрээ мал адуу, монгол ахуйтай ойрхон өссөн учраас сааж чадахгүй эх мал үгүй аж. Иймдээ тус ангийнхан бие бүрэлдэхүүнээрээ Үндэсний их баяр наадамдаа бэлтгэхийн өмнө анги дотроо сонгон шалгаруулалт явуулжээ.
Морь мал, монгол ахуйтай ойрхон, аль болох тэр талаар чаддаг, мэддэг байлдагч нараа шалгаруулан авахыг зорьсон байна. Ингээд Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бие бүрэлдэхүүнд оролцохоор сонгогдоод, мөн тус ангийн хоёр азарга адуу, гүү малаа хоёр зэлэнд өглөө бүр барьж, саал сүүгээ авангаа айраг цагаагаа бэлтгэдэг Байлдагч У.Тэмүүлэнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Өөрийгөө уншигчдад танилцуулна уу?
-Намайг У.Тэмүүлэн гэдэг. 2024 онд 032 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагчаар ирсэн. Сэлэнгийн Алтанбулаг сумаас ирсэн.


-Мал ахуйтай ойр өссөн нь одоо энд ингээд том түлхэц болж өгч байгаа бизээ?
-Манай өвөө малч ахуйд сургасан. Багаасаа л үнээ мал, гүү саадаг байлаа. Ер нь багаасаа л малтай цуг өссөн.
-Удалгүй цэргийн албаа хааж дуусгаад халагдана. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Ер нь бол сурч байгаа, цаашдаа ХАА-н малын эмч мэргэжлээр сурна л гэж бодож байна даа. Мал адуугаа хүнийг гуйлгүйгээр өөрөө эмчлэх нь амар шүү дээ. Яг малтайгаа ер нь багаасаа ойр байчихсан болохоор энд ингээд сонгогдож ирээд, гүүгээ саагаад, айргаа исгээд л сайхан байна. Хөдөө хээр мал ахуйтайгаа ойр байх маш гоё л доо.
-Багаасаа л тэгвэл өвөө, эмээгийн хүүхэд байжээ?
-Тийм. Би ер нь багаасаа л өвөө эмээтэйгээ цуг өссөн. Өвөө эмээгийн хүүхэд, тэгээд л өвөө хаана явна тэр газар би л явж байна. Манай өвөө өөрөө морь уядаг, Аймгийн алдарт цолтой. Би бас өвөө, ахыгаа дагаад морь уядаг. Би Сумын алдарт уяач цолыг 2020 онд хүртэж байсан.


-Цэргийн алба хааж байхдаа их зүйл суралцаж байна уу?
-Ер нь тэсвэр хатуужил, тэвчээртэй байх зэргийг цэрэгт сайн сурч байгаа. Цэрэгт ирсэндээ би бас баярлаж байгаа. Өмнө нь бол явахгүй л гэж боддог байсан юм. Тэгсэн манай найз харин цэргээс халагдаж ирээд л 032 дугаар анги ёстой гоё гээд надад хуучилсан. Тэгээд л явъя даа гээд амьдралынхаа бараг хэрэгтэй гэсэн бүх л зүйлийг цэргээс л сурч байна даа. Хүнтэй харьцаж байгаа, тэр харьцаа, соёл цэвэр цэмцгэр байдал гээд л их зүйлийг сурч байгаадаа баяртай яваа.
-Байлдагч нарын захны даавуу маш цэвэрхэн, цагаан байх ёстой хэмээн заадаг юм билээ. Захны даавуугаа маш богино хугацаанд хурдан хадаж сурч байна уу?
-Бид маш цэвэрхэн, цэмцгэр байх ёстой. Өдөр болгон захны даавуугаа солино. Орой болгон өдөр нь өмссөн дүрэмт хувцасныхаа захны цагаан даавууг солино. Өдөр нь энд бэлтгэлээ хийгээд л, оройн тооны дараа ердөө 10 минутад амжуулаад л бүх юмаа л дуусгана.


-Та бүхний өдрийн хэмнэл маш завгүй өнгөрдөг юм байна. Цэрэгт ирээд ямар сэтгэгдэл төрөж байна вэ?
-Олон хүн дотроос шигшигдэж гарч ирээд л, энд наадмынхаа бэлтгэлдээ хурдхан орчихоод л, хамгийн гоё нь адуу малтайгаа ойр байгаа. Цэрэгт анх ирэхдээ дасаагүй болоод тэр үү сонин байлаа. Харин одоо дасаад маш олон найз нөхөдтэй болсон. Дарга нараасаа ахлагч, офицерүүд маань их зүйлийг бидэнд зааж сургаж яваа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын ууган хүү. Доороо 4 дүүтэй. Саяхан манай ээж төрсөн юм. Тэгээд над дээр ирнэ гэж байгаад амжаагүй. Наадмаар ээж минь над дээр зорьж ирнэ гэсэн. Сэтгэл маш их догдолж баярлаж байна даа.








