
Өнөөдөр хурдан морины уралдаан эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотоос Хүй долоон худгийг чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгджээ. Энэ талаар ТЦА-наас “Хурдан морины уралдаан эхлэх үед Хүй долоо худаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрвөн эгнээ, нийслэл хот руу орж байгаа хөдөлгөөнийг хоёр эгнээгээр зорчуулж байна. Харин хурдан морины уралдаан дууссан үед нийслэл хот руу дөрвөн эгнээгээр
зорчих зохицуулалтыг хийнэ. Хурдан морины уралдааны үеэр Хүй долоо худгаар нэвтрээд цааш 61-ийн гарам руу явах боломжгүй.
Элсэн тасархай, Лүн хүртэл их хэмжээний тээврийн хэрэгслийн түгжрэл үүсээгүй. Орон нутгийн замд ачаалал нэмэгдсэн үед гүйцэж түрүүлэхгүй байх, хурдаа тохируулах, шөнийн цагаар гэрлээ
шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.
09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотоос зүүн тийш Багануур, Хэнтий чиглэлийн авто замын хөдөлгөөний ачаалал сийрэг байна.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан айлчилж байгаатай холбогдуулан нийслэл хотын зарим автозамыг түр хааж байгаа тул жолооч нар хүлээцтэй хандахыг хүсье. Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагаар ажиллаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж байна” хэмээн мэдээллээ.
Өчигдөр нийслэл хотоос 75,000-80,000 орчим тээврийн хэрэгсэл гарчээ.