
Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд барилгын будаг ашиглаж байжээ
Хятадын Тяньшуй хотод байрлах хувийн хэвшлийн цэцэрлэгийн захирал гал тогооныхоо ажилчдад хүүхдүүдийн хоолонд хүнсний бус барилгын будаг ашиглахыг зөвшөөрснөөс болж тус цэцэрлэгт явдаг 200 гаруй хүүхэд хар тугалганы хордлогод оржээ. Уг хэрэг явдалтай холбоотойгоор тус цэцэрлэгийн захирлыг 7 хүний хамтаар “эрүүл мэндэд хортой хоол хүнс бэлтгэсэн” хэргээр баривчилжээ.
Тус цэцэрлэгт явдаг 251 хүүхдээс 233 хүүхдийн цусанд хар тугалга их хэмжээгээр илэрсэн ба 201 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хар тугалганы хордлого нь эрүүл мэндэд урт хугацааны сөрөг нөлөөтэй юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хар тугалга хүний биед сар, жилээр хуримтлагдан хордлогод хүргэдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы хэмжээнээс харвал хүүхдүүд багадаа 3 сар хар тугалгатай хоол хүнс хэрэглэсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Шалгалтын явцад хүүхдүүдэд өгч байсан улаан чавгатай жигнэсэн бялуу, зайдастай ороомгоос Хятадын хүнсний стандартаас 2000 дахин их хэмжээний хар тугалга илэрчээ. Түүнээс гадна хууль сахиулагчид хоолонд ашиглаж байсан барилгын будгийг хураасан ба тус будгийн савлагаан дээр идэж болохгүй гэсэн анхааруулга байсан байна.
Тяньшуй хотын эрх баригчдын мэдээлснээр дээрх цэцэрлэгийн захирал, хөрөнгө оруулагчтайгаа цэцэрлэгийн хоолыг өнгөлөг, харахад гоё болгох замаар илүү олон хүүхэд элсүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн аж. Тяньшуй хотын хууль хяналтын байгууллагууд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн цусанд хар тугалга хэвийн хэмжээнээс өндөр илэрсэнтэй холбоотойгоор энэ сарын 1-нд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн аж.
Бага насны хүүхдүүд хар тугалганы хордлогод орох нь хүүхдийн тархины хөгжил, зан үйл, IQ-д ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай бөгөөд эцэг эхчүүд сүүлийн саруудад хүүхдүүдийнх нь зан араншин өөрчлөгдөж, хоолны дуршил нь буурч, гэдэс нь тогтмол өвдөж байсан тухай мэдүүлжээ.