
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Нэгдүгээр шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлж, ТЭЗҮ-ийг холбогдох яамд, мэргэжлийн зөвлөл, аудитын газар, НИТХ-аар батлуулсан, санал, дүгнэлтийг тухай бүрд нь тусгаж, сайжруулсан ба уг төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн.
Улаанбаатар хотод барьж, ашиглалтад оруулсан гүүрнүүдийн төсөв өртгийг эргэн сануулахад:
- Олимпын гүүрийг 2016-2023 онд 6 эгнээтэй барьсан. 1 км нь 52 сая ам.долларын өртөгтэй. Эдгээр тоо баримтаас харахад, Улаанбаатар хотод баригдсан гүүрэн байгууламжтай авто замуудын 1 км-ийн нийт өртөг 41-52 сая ам.доллар
- 2022-2024 онд ашиглалтад оруулсан 6 эгнээ бүхий Наадамчдын гүүр 480 метр урт нийт 78 тэрбум төгрөгөөр барьсан. 1 метр нь 163 сая төгрөгийн төсөвт өртөгтэй буюу 1 км-ийг нь 43 сая ам.доллор
- Зайсангийн гүүрийг 2022-2025 онд 2 эгнээг 41 тэрбум төгрөгөөр барьсан. 1 км нь 51 сая ам.доллор
- Нэгдүгээр шинэ тойрог авто зам нь 24.7 км урт үндсэн 6 эгнээ, зарим хэсэгтээ туслах 4 эгнээ нэмэгдэх бөгөөд гүүрэн байгууламж, туннелтэй.
Нэгдүгээр шинэ тойрог авто замын нэг км-ийн өртөг 37 сая ам.доллар буюу нийт 24.7 км үргэлжлэх авто замын нийт өртөг нь 918 сая ам.доллар гэж тооцсон. Нийт өртөгт зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд гээд маш олон төрлийн зардал хамт багтсан байна. Мөн уг зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, нэг өдөрт уг авто замаар 183 мянган автомашин зорчих боломжтой хэмээн тооцжээ.
АНУ болон БНХАУ-ын хувь нийлүүлсэн компани болох “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нэгдүгээр Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг нь боловсруулж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, шинжээчдээр хянуулж, батлуулсан. Нэгдүгээр шинэ тойрог замын бас нэг онцлог гэвэл expressway буюу уг замаар тээврийн хэрэгсэлтэй иргэн зогсолтгүй явсаар төгсөх зориулалттай. Энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа баригдах хурдны зам болж буй юм.
Уг авто замын нийт 918 сая ам.долларын санхүүжилтийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 85 хувийг гүйцэтгэгч өөрөө гаргах буюу олон улсын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй Нэгдүгээр шинэ тойрог замын олон улсын нээлттэй тендерийг 3 багцад хуваан зарлаж, есдүгээр сард тендер шалгаруулалт дуусвал, 2025 оны намартаа багтаж гэрээ байгуулах болон бусад нарийвчилсан ажлуудаа төлөвлөж дуусгаад 2026 оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэх хуваарьтай байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолжээ.


