
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн О.Саранчулуун уригдан оролцлоо. Түүнтэй хэрхэн биеийн дутууг сэтгэлээрээ дүүргэх, хорвоог зүхэж биш хувь тавилантайгаа эвлэрч, утга учиртай амьдралын замаар алхах талаар улс төрчийн хувиар биш урлагт хайртай бяцхан охин байсан тэр л дотоод хүнтэй нь ярилцлаа.
“Тархи чинь чамайг гишүүн болгоогүй, тахир дутуу чинь гишүүн болгосон”, Энэ өгүүлбэрийг цахим орчинд хараад зүгээр өнгөрнө гэдэг амар биш. Харин О.Саранчулуун өнгөрөөж чадсан. Зүгээр нэг тэвчиж өнгөрөөсөн бус, ойлгож өнгөрөөсөн. Өөрийн амьдралыг, нийгмийн үнэлэмжийг, бас хүний амьд явах эрхийг ухамсарласан хүн л ингэж дуугүй байж чадна.
Тэр нэгэн зуныг мартдаггүй. Хүүхдүүдийн хөлд шуугьсан хот айл. Морь унаж үзэх гэсэн хотын охин. Гэнэт ташуурдсан дүрсгүй хүүхдийн нөлөөнд дөнгөж мордсон мориноосоо чимээгүй унасан цаг мөч. Эвгүй гишгэсэн хөл. Хар цайгаар шавшсан шагай. Тэвчихийн аргагүй өвдөлт. Өвчтэй хүүхдээ тэвэрч хот бараадсан ээж. Хагалгааны өмнөх шөнө эмнэлгийн коридорт толь руу харж зогссон охин…
Хөлөө тайруулахын өмнө өөрийгөө толинд бүтнээр нь хараад өрөөсөн хөлийг минь оршуулах болов уу гэж бодож билээ. Биеэс минь хамгийн түрүүнд хөл минь үхчихсэн.
О.Саранчулуун гэдэг энэ эмэгтэйн тухай “нэг хөлгүй” гэхээс илүү “бүх зүйлийг туулсан” гэж хэлбэл илүү үнэн болов уу. Учир нь тэр хорт хавдраас амьд үлдэж, авто осол туулахын хажуугаар гэр бүлийн хүчирхийлэл дунд ч амьдарч үзсэн нэгэн. Эдгээр нь түүнд сорви болсон ч түүгээрээ л тэр бусдыг ойлгож, өөрийгөө бүтээж ирсэн. Өөрийгөө өрөвдөж биш, өөрийгөө бүтээж.
Тэр өөрийнхөө тухай ярихад дандаа олон тоон дээр ярина. “Би УИХ-ын гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, марафон гүйгч, нийгмийн ажилтан, бас багш, ээж, эхнэр. Тэр их олон “байх”-ын дундуур яг юуны төлөө явдгаа нэг өгүүлбэрээр тодорхойлдог: “Би өвдсөн, зовсон, өөрийгөө зовоосон эмэгтэй хүний түүхийг үр хүүхдэдээ үлдээмээргүй байна.”
Нэг ээж хүүхэд нь амиа хорлохоор яваад хөлөө хөлдөөгөөд тайруулчихсан тул О.Саранчулуунаас хөлөө хаанаас авсан болохыг асууж. Хариуд нь О.Саранчулуун “Хоёр хөлтэй боллоо гээд тэр хүн дахин амиа хорлохгүй гэсэн баталгаа биш. Та сэтгэлд нь юу байгааг харж байсан уу?” гэж хариулсан байдаг.
О.Саранчулуун хөлгүй болсон ч хэн ч түүний “ачааг нь багасгъя” гэж өрөвдөхгүй гэдэг тавилантай хэдийн эвлэрсэн. “Би юу ч чаддаггүй, эмгэнэлт дүр байхыг хүсээгүй.” Харин амьдарч, алхаж, гүйж, зорилготой байж, бусдын төлөө шийдвэр гаргах түвшинд очсон. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болж одоогийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нийгмийн тогтолцоог өөрчлөхийн төлөө чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн.
Тэр “Ёс суртахууныг хуульчилж болдоггүй” гэж ярьдаг. Бас “нийгмийн сэтгэлзүй өөрөө хөгжлийн бэрхшээлтэй” гэж дүгнэдэг. Тэр дүгнэлт зүгээр нэг үг биш, харсан, туулсан, давсан амьдралын үр дүн. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь тухайн нийгмийн ёс суртахууны доод босго. Тэр хүн жаргалтай амьдарч чадаж байвал нийгэм эрүүл байна” гэдэгт тэр итгэдэг.
Энэ итгэл, энэ хандлага нь түүнийг өөртөө зөөлөн, бусдад хатуу биш, шударга байх боломжийг өгсөн. Тэр “өөртөө хайртай байх” тухай ярихдаа “сэтгэл зүрхээ сайн сонсож сурах” хэрэгтэй гэдэг. Сэтгэл зүрхээ сонссон хүний яриа яг ийм л байдаг болов уу.
Ярилцлагын дэлгэрэнгүйг доорх линкээс үзнэ үү.