
ОХУ-ын Ерөнхий прокурорын газар АНУ-ын Иелийн их сургуулийг Оросын эсрэг үйл ажиллагааг ивээн тэтгэж, гадаадын сөрөг хүчний удирдагчдыг бэлддэг гэсэн үндэслэлээр хар жагсаалтад оруулжээ. Оросын эрх баригчид Иелийн их сургуулийн үйл ажиллагаа ОХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсад эзлэх байр суурь, эдийн засгийн үндэс суурь, нийгэм, эдийн засаг болон улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой гэж үзжээ. Түүнчлэн тус байгууллага барууны орнууд дахь оросын хөрөнгийг хураах, Украины зэвсэгт хүчнийг санхүүжүүлэх ажилд оролцдог гэжээ.
Москва Иелийн их сургуулийн олон улсын харилцааны сургуульд гадаадын сөрөг хүчний удирдагчдыг бэлддэг хэмээн, ОХУ-ын нутаг дэвсгэрт эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнүүлж байсан “Авлигатай тэмцэх сан”-гийн удирдлагууд болон гишүүд Иелийн их сургуулиас олж авсан мэдлэг, технологио жагсаал хөдөлгөөний үеэр ашиглаж байсныг онцолжээ.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын тоонд багтдаг Иелийн их сургуульд ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн, “Авлигатай тэмцэх сан”-г үүсгэн байгуулагч агсан Алексей Навальный сурч байсан юм. Иелийн их сургууль нь Харвард, Принстон, Браун, Колумб, Корнелл, Дартмут болон Пеннсильванийн их сургуулиудын хамтаар Ivy League буюу Америкийн хамгийн нэр хүндтэй найман их сургуулиудын тоонд багтдаг юм. 2020 онд Forbes сэтгүүл Оросын хамгийн чинээлэг бизнесмэнүүдийн дунд Иелийн их сургууль хамгийн нэр хүндтэйд тооцогддог тухай нийтэлж байв. Тус сургуулийг Александр Вексельберг, Ирина Вексельберг, Лора Фридман, Екатерина Фридман, Денис Авен, Дарья Авен зэрэг Оросын тэрбумтнууд төгсөж байжээ.
Эх сурвалж: Politico