
Монгол Улсын 10 хэвлэл мэдээллийн сайтын хамтран бэлтгэсэн “Эв эе” нэвтрүүлэг эх орны дөрвөн зүг найман зовхис, эх дэлхийгээр тархан суугаа нийт ард түмэн, элэг нэгтүүдэд хүрлээ.
Энэ нэвтрүүлгийн оргил ярилцлага бол яахын аргагүй цагийг эзэлсэн гурван аваргын ярилцлага байлаа. Уг ярилцлагыг Өрөг.мн сайтын эрхлэгч Б.Болорчимэг, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нар хөтлөн явуулсан юм.
Япон Улсын Эзэн Хаан Нарүхито манай улсад айлчилж буй энэ цаг үед тус улсын үндэсний бөх болох сүмо бөхийг “хаанчилж” явсан М.Даваажаргал 25 жил эх орондоо наадамдаагүй ч энэ жил ийнхүү зорин иржээ.
“Эв эе” нэвтрүүлгийн “их гурвал”, тулгын гурван чулууны нэг нь Монгол Улсын аварга Ч.Санжаадамба байлаа. Төдийлөн хэвлэл мэдээллийн салбарт ам нээгээд байдаггүй “том олз” бол яахын аргагүй аварга Ч.Санжаадамба. Харин Монгол Улсын аварга С. Мөнхбат бол ёс жудаг, эр хүний үлгэр дуурайл болсон “аваргын тотем” гэж хэлж болно. Ингээд тэдний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
М.ДАВААЖАРГАЛ: Би аз гэдэг ханзанд дуртай. Босож хөдөлмөрлөж, тулалдаж байж аз ирдэг юм.
-”Манай аав Ж.Мөнхбат эрийн гурван наадам үгүй бол Монгол Улс, төр байхгүй гэж байхгүй хэмээж байсан. Наадам бол бидний дархлаа” М.Даваажаргал
– “Би аавынхаа хөшөөг хийнэ гэж 15 жил дотроо бодож явлаа. Аав бид хоёр хоёулаа хөдөлмөрийн баатар. Ийм түүх ховор. Юмны сав дүүрдэг юм байна. Мөрөөдөл биелдэг юм байна” М.Даваажаргал
-“Юманд хэмжээ гэж байдаг юм билээ. 45 түрүүлсэн дараа миний хөлийн шөрмөсийг авч хиймэл болгоно гэж байлаа. Тэгээд л намайг зогс гэсэн юм шиг байгаа юм” М.Даваажаргал
– “Би 25 үзүүрлэхээ юм болгосон бол 70 түрүүтэй байх байлаа. Рекорд гэдэг юм эвдэгдэхийн тулд л тогтдог юм”
-“Зодог тайлаад юу сайхан байна гэхээр хоол амттай байна. Дарс амттай байна. Хамгийн жаргалтай нь маргааш өглөөний бэлтгэл хийхгүй байх. Өглөө сэрээд аманд цус амтагдахгүй байх л юм байна” –
-“ Японы зүйр үгэнд амандаа цус амтагдтал хөдөлмөрлөж үзсэн үү гэж байдаг юм. Хөдөлмөрлөж үзсэн үү”
-Би аз гэдэг ханзанд дуртай. Зүгээр суугаа хүнд аз ирдэггүй. Босож хөдөлмөрлөж, тулалдаж байж аз ирдэг юм.
-Сүмо бөхийг олимпын төрөлд оруулъя гэдэг мөрөөдөлтэй болсон.
Ч.САНЖААДАМБА: Эв эетэй байвал амжилт дагана л гэж боддог
-“Монгол төрийнхөө наадамд ямар нэгэн байдлаар оролцох хэрэгтэй гэж бодоод сүүлийн үед морь уях болсон. Би энэ өв соёлоос татгалзаж хэзээ ч чадахгүй юм байна” Ч.Санжаадамба
-”Би залуудаа сайхан барилдсан. Сайн барилдсан. Бөхийн спорт залуу насных. Надад даян аварга болъё гэсэн шунал алга” Ч.Санжаадамба
-“Том даваанд олон барилдана гэдэг зүрхэнд их нөлөөлдөг юм билээ” Ч.Санжаадамба
– “Эв эетэй байвал амжилт дагана л гэж боддог” Ч.Санжаадамба
С.МӨНХБАТ: Манай үндэсний бөхийн аварга гэдэг цол аав гэсэн утгатай юм билээ
-”Манай үндэсний бөхийн аварга гэдэг цол аав гэсэн утгатай юм билээ. Монгол бичгээр бичихдээ абу гэдэг үгийн үндэс орж абурага гэж бичигддэг. Энэ нь хүндлэлээс илүүтэй маш том хариуцлага гэсэн үг шүү дээ” С.Мөнхбат
-“Ж.Мөнхбат аваргын нэрийг надад өгсөн юм билээ. Би Монгол Улсын аварга цолыг авчихаад найртаа түүнийг урьж байлаа. Тэр үед л аварга ямар байхыг ойлгож авсан юм” С.Мөнхбат
-“Би дуунд жаахан муу бүжигтээ л сайн” С. Мөнхбат
– “Бөх барилдаж, сур харваж, морь уралдахыг хараад огшдоггүй хүнийг Монгол хүн гэхэд эргэлзэнэ” С.Мөнхбат