
Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан уламжлал болон зохиогддог “Дээлтэй Монгол 2025” наадам өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 8-нд Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд, залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төв хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн наадамд нийслэлийн зургаан дүүргийн иргэдээс гадна 21 аймгийн аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 60 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 7000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагслаа.
Наадмын үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, тоглоом наадгай, урлаачдын үзэсгэлэн худалдаа, орчин үеийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдав.
“Дээлтэй монгол 2025” наадмыг сонирхон ирсэн гадаадын жуулчид:
“Монголд ирсэн анхны өдрөө ийм гоёмсог арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Соёл нь гайхалтай. Ийм олон хүн үндэсний хувцсаараа гоёод нэг дор цугларч буйг харах үнэхээр сэтгэл хөдөлгөм байна. Хүмүүс бороог ч үл ажран уламжлалаа бахархалтайгаар харуулж байгаа нь гайхалтай санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Дээлтэй монгол 2025” наадамд оролцсон иргэд:
“Дээлтэй Монгол” наадмыг жил бүр тэсэн ядан хүлээдэг гэдгээ онцолж байлаа. Зарим нь өөрсдөө дээлээ урлаж, тус наадамд гоёж ирэх нь уламжлал болоод байгааг дурдсан юм. “Энэ бол зүгээр нэг наадам биш. Үндэсний минь бахархал шингэсэн, бидний өв соёлыг үеийн үед таниулах маш чухал арга хэмжээ” хэмээн ярилаа.
Наадмын хүрээнд дараах номинациудаар шилдгүүдийг тодруулсан байна. Үүнд:
- Шилдэг дүүрэг: Сонгинохайрхан дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж: Монгол оршихуйн ухаан ТББ
- Шилдэг дээл урлаач: н.Ариунаа
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл: н.Баттогтох, н.Дэлгэрмөрөн нарын гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч (эрэгтэй, эмэгтэй): н.Энхболд, н.Адилцэцэг
- Монгол үндэсний хувцастай шилдэг гадаад оролцогч (эрэгтэй, эмэгтэй): н.Кужа, н.Цэцэнхуар
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд (эрэгтэй, эмэгтэй): н.Мухамед, н.Янжинлхам
- Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд (эрэгтэй, эмэгтэй) тус тус шалгарчээ.
Үндэсний дээл хувцас гэдэг зөвхөн гоёл биш, ард түмний түүх, уламжлал, сэтгэлгээ шингэсэн үнэт өв. “Дээлтэй Монгол” наадам энэ бүхнийг нэгэн дор цогцлоон харуулж чаддаг, нийслэл хотын өнгө төрхийг тодотгодог соёлын томоохон арга хэмжээ билээ.