
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улстай (БНФУ) дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тэмдэглэлт түүхэн үйл явдлыг тохиолдуулан БНФУ-ын ЭСЯ-ны ивээл дор хоёр улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зорилгоор тус улсын Bpifrance банктай хамтран Монгол-Франц улсын бизнес форумыг зохион байгуулж байна.
ХХБ-ны харилцагчдаа зориулж буй энэхүү форум нь хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжин гадаад худалдаа өргөжин тэлж, томоохон төсөл хэрэгжих гэж буй энэ цаг үетэй давхацсанаар эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох гүүр болох өндөр ач холбогдолтой юм.
ХХБ нь 2024 онд Bpifrance банктай стратегийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд БНФУ-ын бизнес форумын үеэр гадаад худалдааны санхүүжилтийн гэрээг үзэглэж хамтын ажиллагааг өргөжүүлэв.
Монгол Улсын ууган арилжааны банк ХХБ нь 300 орчим гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол улсын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, хамгийн тааламжит нөхцөлийг санал болгон ажиллаж байна. ХХБ нь олон улсын худалдааны санхүүжилт болон гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувь, худалдааны санхүүжилтийн 65 хувийг дангаар гүйцэтгэж буй салбартаа тэргүүлэгч байр сууриа энэхүү форумаар БНФУ-ын хөгжлийн банктай гэрээг үзэглэснээр улам бататгаж байна.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк