
АНУ-д айлчилж буй Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн даваа гарагт Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад Нобелийн зөвлөлд илгээсэн захидлынхаа хуулбарыг бэлэглэжээ. Уг захидалдаа тэрээр Нобелийн Энх тайвны шагналд АНУ-ын төрийн тэргүүнийг нэр дэвшүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Б. Нетаньяху захидлаа гардуулахдаа, “Эрхэм Ерөнхийлөгчид Нобелийн зөвлөлд илгээсэн захидлаа гардуулмаар байна. Та бол Нобелийн Энх тайвны шагнал хүртэх ёстой хүн.” хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч Д. Трампын удирдлага дор Израил улс Ойрх Дорнодтой энхийг тогтооно гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Израилын Ерөнхий сайд Б. Нетаньяхуг ойрын чухал түнш гэж харахын зэрэгцээ Израил болон ХАМАС бүлэглэлээс галаа зогсоож, дайнаа бүр мөсөн дуусгахыг шахаж шаардсаар байгаа билээ. Олон сар мухардалд ороод байсан талуудын яриа хэлэлцээнд ойрын өдрүүдэд ахиц гарч болзошгүй талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Израил болон ХАМАС бүлэглэлийн баг төлөөлөгчид Катарт 60 өдрийн турш галаа зогсоох, ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийг үе шаттайгаар суллах, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулах тухай гэрээ боловсруулж байгаа ба Д. Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффф энэ долоо хоногт Катарт айлчилж, уг яриа хэлэлцээнд оролцох аж.