
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг Авлигатай тэмцэх газраас шалгах гэнэ. Тэрбээр энэ тухай өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээллээ.
Х.Нямбаатар “Авлигын хэргээр таслуулсан нэг лут нөхөр намайг АТГ-д шалгуулахаар өгчээ. Юу шалгуулах гэж байгааг нь харлаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц Монгол Улсын Засгийн газрын 201 дүгээр тогтооын дагуу нийслэл хот дотоодын бондоор эргэн төлөгдөх дамжуулан зээл олгож санхүүжүүлэн, 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад оруулж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд залгасан цагаас хойш 2025 оны долдугаар сарын 1-ний байдлаар 430 сая квт.цаг эрчим хүч үйлдвэрлэн хотод нийлүүлсэн байна.
Нийслэл хот бонд босгож санхүүгийн зарчмаар баталгаа, барьцаа, менежмент зэрэг эрсдэлийг харгалзан тодорхой хэмжээний хувь нэмж Бөөрөлжүүтэд дамжуулан зээлдүүлсэн. Энэхүү бондыг 2027 оны зургадугаар сарын 25-нд бүтэн төлж дуусгана. Бондын эргэн төлөлтийн гурван жилийн хугацаанд нийслэлд 126 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрөх юм.
Намайг хотын дарга болохоос өмнө гэрээ зурагдаж эхлээд, санхүүжилтгүй зогсох эрсдэлтэй байсан төсөлд дамжуулан зээл олгож цахилгааны хязгаарлалтад орох нь тодорхой байсан эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт. Энэ жил дахиад хоёр дахь блок буюу нэмэлт 150 МВт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүний дараа жил 150 МВт, 2027 оны эцэст дөрөвдүгээр блок ашиглалтад орсноор нийт 600 МВт-ын цахилгаан станцтай болно. Шаардлагатай гэж үзвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна. Дахиад шалгуулахад ч бэлэн байна. Сайн шалгаарай” гэжээ.