
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэр бүхий 14 улсын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 8-р сарын 1-нээс эхлэн нэмэхээр төлөвлөжээ. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Д. Трамп тэдгээр 14 улсын төрийн тэргүүнүүдэд илгээсэн захидалдаа дурджээ.
Япон болон БНСУ-ын төрийн тэргүүнүүдэд илгээсэн захидалдаа Ерөнхийлөгч Д. Трамп тус хоёр улсын АНУ-д экспортолсон бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын гаалийн татвар ноогдуулахаа мэдэгджээ. Дээрх хоёр улсын зүгээс АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн ба Токио Вашингтонтой зөвшилцөлд хүрч, худалдааны гэрээ хийхэд ойрхон байгаа гэжээ.
Түүнээс гадна Д. Трамп Малайз, Казахстан, Өмнөд Африкийн төрийн тэргүүнүүдэд илгээсэн захидалдаа импортын бараа бүтээгдэхүүнүүдэд нь 30 хүртэлх хувийн татвар ноогдуулахаа мэдэгдсэн бол Мьянмар, Лаосын эрх баригчдад импортын бараа бүтээгдэхүүнүүдэд нь 40 хүртэлх хувийн татвар оногдуулж эхлэхээ мэдэгджээ.
Дээрх улс орнуудаас гадна Вашингтон Тунисийн импортын бараанд 25 хувийн татвар, Босни Херцеговины импортын бараанд 30 хувь, Бангладеш болон Сербийн бараанд 35 хувь, Тайландын бараанд 36 хувийн татвар тус бүр ноогдуулахаа мэдэгджээ.
Ерөнхийлөгч П. Трамп захидалдаа АНУ нь худалдааны алдагдлын асуудалд чухал ач холбогдол өгч байгааг онцлон, АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн гадны улс оронд борлуулагдахад саад болж буй арга хэмжээнүүдийн хариуд мөн адил татвар оногдуулна хэмээн мэдэгджээ. Тэрээр дээрх улс орны төрийн тэргүүнүүдэд АНУ-ын импортын гаалийн татвараас зайлсхийхийн тулд бараа бүтээгдэхүүнээ АНУ-д үйлдвэрлэхийг уриалжээ.
АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр зөвхөн 2024 онд АНУ дээрх 14 улсаас нийт 454 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсны 60 хувийг Япон болон БНСУ-ын бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.
Импортын барааны гаалийн татварыг нэмэгдүүлэх нь эцсийн үр дүнд Америкийн хэрэглэгчид илүү өндөр үнэ төлнө гэсэн үг юм. АНУ-ын БНСУ болон Япон улсаас их хэмжээгээр импортолдог бараа бүтээгдэхүүний тоонд автомашин, автомашины сэлбэг, хагас дамжуулагчид, эм тариа зэрэг багтдаг аж.