
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 829, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож, иргэд 8 хоног амарна. Энэ удаагийн урт амралтаар олон хүн хөдөө, орон нутаг, амралт зугаалгаар явах төлөвтэй.
Харин энэ хугацаанд гэрийн тэжээвэр амьтдыг хэрхэн анхаарч, хамгаалах ёстой талаар мэргэжлийн малын эмчээс тодрууллаа.
SOS мал эмнэлгийн ерөнхий малын эмч О.Цэлмүүн
Хэрэв гэрийн тэжээвэр амьтнаа хамт авч явах боломжгүй бол:
- Ойр дотны найз, гэр бүлийн гишүүн, хөршдөө түр хариуцуулах
- Ганцаараа үлдэх бол камер, автомат хооллогч, ус түгээгч байрлуулах.
- Цонх, хаалга бүрэн хаалттай, агааржуулалттай эсэхийг шалгах.
- Аюултай эд зүйлс (тосгуур, цахилгаан хэрэгсэл, жижиг эдлэл, хүний эм) амьтны гар хүрэхгүй газар байршуулах.
- Муурын хувьд элс солих, тоглоом тавих, өндрөөс унахаас сэргийлэх орчныг бүрдүүлэх.
Хэрэв амьтнаа аялалд авч явах гэж байгаа бол:
- Нохой, муурыг зориулалтын тээврийн үүргэвч, тээвэрлэх хайрцагт байлгах.
- Хэт халуун цаг агаар болон олон цаг тээвэрлэх нь стресс үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул зогсолт хийх, ус өгөх, сүүдэрт байлгах нөхцөлийг хангах
- Вакцин, эрүүл мэндийн бичиг авч явах нь замд ямар нэг хүндрэл үүсэхээс сэргийлнэ.
- Амьтанд зориулсан тайвшруулах хэрэгслүүд, анхны тусламжийн багц бэлэн байлгах.
- Бүслүүр, нэр хаягтай зүүлт зүүх нь төөрөх эрсдлээс сэргийлнэ.
Мөн зайлшгүй анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл бий.
- Амьтныг хэт халуун машинд үлдээх нь амь насанд аюултай.
- Шинэ газар, замд анх удаа дагуулж явах үед тайвшруулж дасгах, цочролд оруулахгүй байх шаардлагатай.
- Нохой, муур хэт ганцаардах үед сэтгэл гутралд орж, гэмтэл авч болзошгүй.
Амьтад бол гэр бүлийн гишүүн. Урт амралтын өдрүүдэд баяр хөөртэйгөөр аялахын зэрэгцээ хариуцлагатай эзний хувиар тэжээвэр амьтнаа мартаж, үл хайхрах бус, хамгаалж, тав тухтай нөхцөлийг бүрдүүлээрэй.