
Хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдан нийт 126 сая төгрөгийг улсад эргүүлэн төлөх болсон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын дунд сургуулийн математикийн багш гэрээслэл бичээд амиа хорлосон харамсалтай хэрэг энэ оны эхээр гарчээ.
Талийгаачийн эхнэрийн NTV телевизэд өгсөн ярилцлагаас харахад талийгаачаас багшаар ажилласан 12 жилийнх нь цалинг нэхэмжилсэн гэх. 2023 онд гарсан шүүхийн шийдвэрээс хойш мөнгөө цаг тухайд нь төлөөд явж байсан гэдгийг талийгаачийн эхнэр хэлж байлаа. Мөн тэрбээр гэр бүлийнх нь хүн 2008 онд 750 оноотойгоор МУИС-д элсэн суралцсан ч төгсөх жилдээ ар гэрийн шалтгаанаар хоёр кредит хичээлээ үзэж чадаагүйн улмаас бакалаврын дипломоо авч чадаагүйг, хожим нь “диплом авч, гаргаж өгнө” гэсэн хүнд мөнгө төлж дипломтой болсон тухай ярьжээ.
Бид түүнтэй утсаар холбогдож хэргийн процессын талаар тодруулахад, “Л.Энх-Амгалан Боловсрол,шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үедээ шүүр ажиллагааг эхлүүлж, дипломын шалгалт хийсэн байдаг. Тухайн үед нөхрийн маань диплом код давхацсан гэх үндэслэлээр шүүх хурал болж, сая төгрөгөөр торгох болсон. Торгуулиа төлөх гэж байтал хэргийг дахин буцааж, 126 саяыг улсад төлөх шийдвэр гаргасан” гэж байв.
ХУУЛЬ ЯМАР ВЭ?
Хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан тохиолдолд ямар, ямар хуулийн хариуцлага хүлээдэг вэ.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд зааснаар
- Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Одоо тоо бодох цаг. Нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү. Тэгэхээр хуурамч бичиг баримт ашигласан, худалдсан, үйлдсэн иргэнийг 450 мянгаас, 5 сая 400 мянгаар торгох хуулийн зохицуулалттай байх нь. Эсвээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хасдаг байх нь. Гэхдээ нэг асуулт худалдсан, үйлдсэн этгээдэд яг хариуцлага тооцдог уу? 2023 онд энэ төрлийн хэргийг шийдсэн кэйсээс харахад дандаа ашигласан хүмүүст л хариуцлага тооцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар
- Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
КЭЙСҮҮД ЮУ ХЭЛЖ БАЙНА?
Энэ төрлийн хэргүүд хэрхэн шийдэгдэж байв гэдгийг shuukh.mn сайтаас шүүж харлаа. 2023 оны кэйсээс танд хүргэж байна.
Кэйс нэг:
Н.О нь Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм судлалын багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0200810723 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баянгол дүүргийн Нийслэлийн Ерөнхий Боловсролын …дугаартай тушаалаар эрүүл мэндийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ. Тэрбээр “Ямар ч байсан 1 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хэн гэх хүнээс авч байсан, ямар дугаараар холбогдож байсан гэдгээ санахгүй байна. …би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ар гэрийн гачигдлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй болохоор ийм асуудалд орсон…” гэх мэдүүлэг өгчээ.
Шүүх хурал 2023 оны 09.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Н.О-г баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгөөр торгосон байна. Ийнхүү торгуулаа 90 хоногийн дотор төлөхгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүхийн тогтоолд хавсаргажээ.
Кэйс хоёр:
Д.О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Улсын багшийн их сургуулийн D20 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Ерөнхий боловсролын ……….. дугаар сургуульд технологийн багшаар ажилласан гэх үйл баримт тогтоогджээ. Шүүх хурал 2023 оны 09 сарын 13 өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг гэм буруутайд тооцсон байна. Улмаар 500 мянган төгрөгөөр торгожээ. Дээрх торгуулийг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр болсон талаар шүүхийн тогтоолд хавсаргажээ. Эс төлбөөс торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэжээ.
Кэйс гурав:
Д.А нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн D200815878 дугаартай, боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар ажилд орж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Д.А-гээс 106.118.982 төгрөг гаргуулан Баруунтуруун сумын цэцэрлэгт олгохоор шийдвэрлэсэн байна.
Харин түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Д.А нь уг шийтгэх тогтоолыг яагаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна бэ гэвэл түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 650.000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгдэгчээс улсад учруулсан хохиролд 106.118.982 төгрөгийг гаргуулж Баруунтуруун сумын Цэцэрлэгт олгохыг даалгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзсэн. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд багачуудад зохих ёсны мэдлэгийг олгож оюуны хөдөлмөрөө зарцуулж байсан учраас төрд учруулсан хохирлыг төлөх боломжгүй” гэж үзэж гомдол гаргажээ.
Шүүх хурал 2023 оны 06 сарын 28-нд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
Кэйс дөрөв:
Ц.Б нь бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх – дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн – цэцэрлэгт хөгжмийн багшаар ажил орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Тэрбээр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…Прокуророос надад нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Миний бие хоёр хүүхдийн хамт амьдардаг ба байнга хөдөлмөр эрхэлдэг. Ажилгүй байж чаддаггүй, өөртөө таарсан, тохирсон ажлыг хийдэг. Одоо “Т” ХХК-д ажилд орсон. Миний хувьд хүүхдүүдээ сургуульд зөөдөг учраас нийтэд тустай ажил хийх боломжгүй байх тул миний хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оноож өгнө үү. Миний бие торгуулийн ялыг тогтоосон хугацаанд төлж чадна. …” гэжээ.
Шүүх хурал 2023 оны 10 сарын 18 өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 15 сая 665 мянган төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар өөрчилсөн байна.