
Техасын Инграм хотод амьдардаг, аяга таваг угаагчаар ажилладаг 27 настай Райан өнгөрсөн баасан гарагийн орой ээлжит нэгэн ачаалалтай өдрийг даван туулан гэртээ харьжээ. Гэртээ ирээд, унтаж амрахаар орондоо ороод удаагүй байтал гэрийнх нь хаалга үерийн усанд дийлдэн онгойж, гэр лүү нь ус хүч түрэн орж иржээ. Райаны сүйт бүсгүйн ярьснаар гэрт нь ус орж ирсэн даруйд тэд 911 рүү залгасан аж.
Райан болон түүний сүйт бүсгүй, хадам ээж болон хүүхдүүд нь үерийн уснаас зугтах гарцгүй гацжээ. Ус тэдний цээжээр татаж эхлэхэд, тэд ой нэг сартай болон 6 настай хоёр хүүхдээ усан дээр хөвж байсан орныхоо матрасс дээр гаргажээ. Райан ямар ч хамаагүй аргаар эхнэр хүүхдүүдээ, хадам ээжийгээ гэрийнхээ дээвэр дээр гаргахыг хүссэн ба аргаа барсан тэрээр гэрийнхээ цонхыг гараараа цохин хагалжээ.
Райаны сүйт бүсгүй Кристина Уилсоны ярьснаар цонхны хагарсан шил Райаны гарыг маш ноцтой гэмтээсэн ч Райан эхнэр хүүхдүүд, хадам ээжийгээ цонхоор гаргаж чадсан ч хамгийн сүүлд “Уучлаарай, би гарч чадахгүй юм шиг байна. Та нартаа хайртай шүү.” гэж хэлээд их хэмжээний цус алдсаны улмаас амьсгал хураажээ.
Райаны сүйт бүсгүй болон үерт мөн л орон гэрээ алдсан түүний эгч Конни Салас нар тусламж маш удаж ирснийг онцолж, эрх баригчид голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдэд анхааруулга өгөөгүй, иргэдийг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлээгүй зэрэг асуудлуудыг хөндөж, бухимдаж буйгаа илэрхийлж байна.
Тэдний ярьснаар аврагчид Райаны цогцсыг уснаас гаргаж авах хүртэл түүний цогцос усанд 7 цаг болсон аж.