
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн талаар өмнө гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.
Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.
Шийдвэр1: 2025.03.07-ны өдөр тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоосон.
Шийдвэр2: 2025.06.13-ны өдөр тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50:50 хувь болгосон.
Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.
Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна.
2022 оны эхнээс банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны 2 дугаар сарын байдлаар 2,102.0 тэрбум төгрөгт хүрчээ.
2025 оны 4 сарын байдлаар Нийгмийн даатгалын сан /НДС/-аас тэтгэвэр авдаг 515.6 мянган иргэний 281.2 мянга нь тэтгэврийн зээлтэй байна.
Олон улсад тэтгэврийн зээл нь нийтлэг бус бөгөөд манай улсад тус зээлийн дийлэнх нь ахмадуудын сарын орлогыг бүхлээр нь барьцаалж, амьжиргаанд зарцуулах орлого үлдээхгүй байгаа нь өндөр настай иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа.
Тэтгэврийн зээлтэй иргэдийн сарын тэтгэврийн дундаж орлого 819.0 мянган төгрөг, зээлийн сарын төлбөр дунджаар 675.0 мянган төгрөг байна. Нийт зээлдэгчдийн 76.7 хувь буюу 215.5 мянган иргэн 900 мянган төгрөг хүртэлх дүнгээр тэтгэвэр авч байгаа юм.
Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хороо үзжээ.