
Монголын мас-рестлингийн спорт буюу монголчилбол “мод таталт”-ын төрлийн тэмцээн гэж уншигч та бүхэн өмнө нь сонсож байсан уу?
Тодруулбал, мас-рестлинг буюу “мод таталт”-ын спорт нь ОХУ-ын Саха Якут улсаас гаралтай үндэсний төрөл нь юм.
Харин Монгол улсын хувьд мас-рестлингийн спортын холбоо 2013 онд байгуулагдаж 12 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй.
Монгол улсын хэмжээнд уг спортын төрлөөр 10 гаруй мянган сонирхогч хичээллэдэг. Тэгвэл тус холбооноос анх удаа өөрийн эх орондоо өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ-ийг хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэ оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Архангай аймгийн Ара аренад дэлхийн мод таталтын шилдгүүд хуран чуулахнээ.
Үндэсний их баяр наадмын дараа энэ сарын сүүлээр Монгол эх оронд зохион байгуулах тус тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг уншигч, үзэгч та бүхэндээ хүргэхээр бид Монголын мас-рестлингийн спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Мас-рестлингийн төрөл гэхээр спорт сонирхогч, үзэгчд гайхах байх. Тодруулаад хэлбэл энэ төрлийн спорт манай улсад хэзээ шав сууриа тавьчихав?
-Сайн байцгаана уу? Юуны өмнө “Өрөг” сайтыг үзэж байгаа нийт уншигч, үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын мас-рестлингийн спортын холбоо 2013 оноос хойш 12 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид бүхэн 2024 оны онд Киргизстан улсад болсон зургаа дахь удаагийн ДАШТ-ний үеэр Конгрессын хурал болсон. Яг энэ үед дэлхийн 10 гаруй оронтой өрсөлдөж 7 дугаар ДАШТ-ийг эх орондоо хүлээн авахаар болсон.
Мас-рестлингийн спорт нь Бүгд Найрамдах Саха улсын үндэсний спортын төрөл. Өдгөө дэлхийн 93 оронд албан ёсны салбар холбоогоо байгуулаад ингээд дэлхий нийтэд хурдацтай хөгжиж буй спортын төрөл.


-Тамирчин хүнээс ямар ур чадварыг шаарддаг вэ? Жишээ нь өрсөлдөөний талбар дээр ямар дүрмээр ялагчийг тодруулдаг вэ?
-Энэхүү спортын онцлог нь маш богино хугацаанд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, уян хатан шаардсан маш шударга халз тулааны спортын төрөл байгаа.
Модон барилдаан буюу мас-рестлингийн спорт нь яг улаан, хөх талаас 2 тамирчин гарч ирнэ. Тэгээд тэмцээний таталцах журмаар буюу 2 удаа таталцана. Хэрвээ хоёр тамирчин таталцаад хэн 2:0 оноо авсан нь улаан талын тамирчин цэвэр ялалт авна ч гэдэг юм уу. Харин хоёр тамирчин тэнцсэн тохиолдолд шодоод яг л бусад спортын төрөл шиг 3 дахь барилдааныг эхлүүлж 2:1-ийн харьцаатай бас ялах боломжтой байгаа.
-Одоо улсын хэмжээнд энэ төрлөөр хэдэн хичээллэгч тогтмол бэлтгэгдэж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд бид салбар клуб, холбоодтой болсон. Нийтдээ 10 гаруй мянган хичээллэгчтэй. Цаашлаад 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хөгжөөд, тамирчид тогтмол хичээллэж байна. Энэ спортоор бид албан ёсны 12 салбар холбоо мөн 4 клуб байгуулсан байна.


-Дэлхийн шилдгүүд тэмцээнд чуулах мэдээ байна. Хэдэн орны хичнээн тамирчин ирж өрсөлдөх вэ?
-Мас-рестлингийн ДАШТ-д нийт 41 орны 350 гаруй баг тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Монгол улсын баг тамирчид 33 жинд өсвөр үе,насанд хүрэгчдийн агилалд 66 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн энэ сарын 13-ны өдрөөс Архангай аймагт сэргэлтийн бэлтгэлдээ гарна.


-Монголын тамирчид чансаагаараа хэдэд жагсдаг вэ?
-Монголын мас-рестлингийн спортын баг тамирчид маань дэлхийд ранкаараа 3-т жагсдаг. Дэлхийн баг тамирчдыг ОХУ тэргүүлдэг бол Киргизстан улс 2 дугаарт бичигддэг.
Манай холбоо 2023 онд Ази тивийн АШТ-ийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан. 2025 онд эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын хэмжээнд Монгол Улсаа сурталчлан таниулах, Монгол улсын түүхэнд анх удаа хөдөө орон нутагт ийм том даацтай, өргөн хүрээтэй гэдгээрээ том онцлогтой.


-Тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар ямар давуу талуудтай вэ?
-Спортоор дамжуулж бас аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд бас тодорхой хэмжээний нөлөөлөл өгөх болов уу гэж харж байгаа. Өсвөр үе болон насанд хүрэгчдийн хоёр ангилалд зэрэг ДАШТ-ийг хүлээн авч зохион байгуулах учраас Монголын тамирчид санхүү, зардлаа хэмнэхээс гадна туршлага, ур чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: