
УИХ-ын чуулганы хуралдаанд Х.Баасанжаргал гишүүний хэлсэн үг олны анхаарлыг татаж, зарим нь “эгдүүцэв”. Түүний хувьд төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн сургуулийн байрыг барихыг эсэргүүцэж, дуугарсан юм.
Учир юу гэвээс, төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үеэр ААНОАТ-ын тухай хуульд хувийн хэвшил сургууль, цэцэрлэг баривал татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэх заалтыг нэмсэн байгаа юм.
Түүнээс дээрх асуудлын хүрээнд тодруулга мэдээлэл авахад “Хувийн сургууль, хувийн бизнес хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Хувийн бизнес аль салбарт байж болох, аль салбарт байж болохгүй вэ. Аль салбарт нь төрийн зохицуулалт орох ёстой вэ гэдгийг нарийн харах ёстой. Эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарт төрийн зохицуулалт хүчтэй байх ёстой. Одоо бол хувийн сургуулийн бизнес татвараас чөлөөлөгдөж байгаа. ААНОАТ-аас, Нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас ч чөлөөлөгдөж буй. Гэтэл одоо хувийн сургууль барилга байгууламж барих юм бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэнээ. Энэ шударга зүйл үү.
Хоёрдугаарт, бас нэг шударга бус санагдаж байгаа зүйл гэвэл төсвийн тодотголын тухай хуультай хамт оруулж ирж байгаа нь. Баяр наадам далимдуулаад хуулийн хулгай, лобби хийдэг нь үүгээр нотлогдож байна. Хувийн сургуулийн лобби явж байна.
Хувийн сургуулиуд төрийн ачааг хөнгөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид бизнесийг нь цэцэглүүлээд, шударга бус зүйлийг гааруулаад байх юм бол хамгийн гол нь улсын сургууль тамиргүй болно. Улсын сургуулийн нөөц барагдана. Бүгд л энэ зовлонг мэдэх байх. Сайн багшид хүүхдээ өгтөл багш нь 2-3 дугаар ангиас нь сургуулиасаа гараад, хувийн сургуульд орчихдог. Хувийн сургууль олон болох тусам улсын сургууль чанаргүй, хүртээмжгүй, нэг ангид суралцах хүүхдийн тоо улам нэмэгдэнэ.
Мөн бид улсын сургууль барих гэхээр газаргүй гэдэг. Гэтэл одоо хувийн сургууль байшин барилга барих гээд байна аа даа. Тэгэхээр бид нар газраа хувийн сургуулиудад алдаад байгаа байхгүй юу. П.Наранбаяр сайдын ярьж буйг анзаарсан бол, хотхон бүр сургуультай болно. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина аа гээд байгаа. Хотхон дотор хувийн сургууль барьж, улсын сургууль барих газаргүй болно гэсэн үг. Бид алсуураа улсын боловсролоо хүчгүй, “тамиргүй” болгох бодлого явуулаад байна” хэмээв.