
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр Боловсролын сайдын багц дахь 2.6 тэрбум төгрөгийг хасаж, Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдын багц руу шилжүүлснээр нийслэлийн 117 багшид тэтгэмж олгохгүй гэсэн асуудал яригдсан.
Нарийвчилбал, энэ жил тэтгэвэртээ гарах 117 багшийн 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийн мөнгийг Э.Батшугар сайдын багцад шилжүүлсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Боловсролын яамнаас мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд “Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан. 2025 оны 7-р сарын 3-ний өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.