
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ.
Тэгвэл тус айлчлалтай холбогдуулан нэгэн сонирхолтой түүхийг сонирхуулъя.
Одоогоос 31 жилийн өмнө 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 26 настайдаа Япон улсад нэгэн айлд долоо хоногийн хугацаатай амьдарчээ. Амьдарч байх хугацаандаа Японы ард түмэн найрсаг ард түмэн гэдгийг мэдрүүлж байсан талаар хожим дурсан ярьжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нутаг буцахдаа долоо хоногийн турш гэртээ амьдруулсан Япон гэр бүлийг Монгол улсад урихаа амлажээ.
Хожим 28 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болсон үедээ Ардын Хувьсгалын 100,101 жилийн ойг тохиолдуулан гэр бүлийнхээ гишүүн мэт хүндлэн гэртэй долоо хонуулсан Япон гэр бүлийг Монгол Улсад урьж, Үндэсний баяр наадам үзүүлж, морь унуулж, Монгол ёс заншилтай танилцуулжээ.