
Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск өөрийн X нийгмийн сүлжээнд Америкийн Бүгд найрамдах болон Ардчилсан намтай өрсөлдөх улс төрийн шинэ нам байгуулж буйгаа зарлажээ.
Өнгөрсөн 5-р сард И. Маск албан тушаалаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Д. Трампын татварыг бууруулах, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эрс шүүмжилж, Д. Трамп, И. Маск хоёр нийгмийн сүлжээгээр хоорондоо муудалцсан юм. Тухайн үедээ И. Маск улс төрийн шинэ нам байгуулах тухай анх дурдаж байсан билээ.
Тэрээр X нийгмийн сүлжээний хэрэглэгчид дунд АНУ-д улс төрийн шинэ нам байгуулах шаардлагатай эсэх санал асуулга явуулж байсан ба өнгөрсөн бямба гарагт “Та бүгд шинэ нам хүссэн учир шинэ намтай болно. Бид бүгд ардчилсан нийгэмд бус улсыг маань үрэн таран хийж, авлига хээл хахуулийг цэцэглүүлж, дампууруулж буй нэг намын удирдлага дор амьдарсаар байна. Та бүхэнд эрх чөлөөг тань эргүүлэн олж өгөх Америкийн нам өнөөдөр шинээр байгуулагдлаа.” хэмээн бичжээ.
И. Маск АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Доналд Трампын гол дэмжигчдийн нэг байсан бөгөөд Д. Трампын сонгуулийн кампанит ажилд нь 250 сая ам.долларыг хандивлаж байсан юм.
Д. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа И. Маскийг АНУ-ын засгийн газрын Төрийн бүтээмжийн агентлагийн тэргүүнээр томилж, төрийн ашиггүй зардлыг хэмнэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон хэдий ч Төрийн бүтээмжийн агентлагийн ажлаа өгснийхөө дараа И. Маск Д. Трампын гаргасан шийдвэрүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC