
Францын нийслэл Парис хотын удирдлагууд 1923 оноос хойш анх удаа иргэдэд Сена мөрөнд сэлэхийг зөвшөөрчээ. Өнгөрсөн бямба гарагт Парис хотын удирдлагууд хувцас солих өрөө, наранд биеэ шарахад зориулсан сандал, ор зэргүүдийг байршуулсан сэлэлтийн гурван бүсийг нээсэн байна. Сэлэлтийн бүсүүд нь ирэх 8-р сарыг дуустал тодорхой цагуудад иргэдэд үнэгүй үйлчлэх ба зөвшөөрөгдсөн бүсэд сэлж байгаа иргэдийг мэргэжлийн аврагчид харж хянах аж.
Сена мөрөнд иргэдийг сэлэхийг зөвшөөрсөн явдал нь 2024 оны Парисын зуны Олимпын наадмын ач тус бөгөөд уг Олимпын наадамд зориулж Сена мөрний усыг 1.4 тэрбум еврогийн зардлаар усанд сэлэлтийн тэмцээн уралдаанд зориулж, тусгайлан цэвэрлэсэн юм.
Сэн Луи арлын ойролцоох сэлэлтийн бүсийн нээлтэд оролцсон Парис хотын дарга Анн Идальго, “Сена мөрөнд иргэд сэлж байгааг харах нь бага насны минь мөрөөдөл байсан. Бүгд ямар сэтгэл хангалуун байгааг хар даа.” хэмээн мэдэгдсэн бол түүний орлогч Пьер Рабадан, “Эргэлзэж байсан хүмүүст үүнийг боломжтой гэдгийг баталсандаа баяртай байна. Энэ бол маш хэцүү бөгөөд том төсөл байсан.” гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр Сена мөрний ус эрүүл ахуйн бүх норм, шаардлагыг хангаж байгаа аж.
Эх сурвалж: CNN