
-Сайн байна уу. Наадмын тасалбар байгаа юу. Ямар үнэтэй вэ?
-Сайн. Цөөн тоогоор авбал суудлаасаа хамаараад 500-1.5 сая төгрөгийн үнэтэй.
-Олон тоогоор авбал…
-Хэдийг
-14 ширхгийг
-Байна. Хэзээ авах вэ. Мөнгөө хийж байж тасалбар олгоно.
-Та энэ олон тасалбарыг яаж олж авсан бэ. Уучлаарай би Өрөг.мн сайтаас сэтгүүлч …. Холбогдож байгаа юм аа.
Дүүд, дүүд, дүүд
10МИНУТ10НУГАЛАА
Бид “Баяр наадмын тасалбар авна, зарна” гэх нүүр номын хуудас руу орж хамгийн эхний дугаар луу залгахад ийм хариу өгч байлаа. Энд https://www.enaadam.mn/ сайтад худалдаанд гарсан даруйдаа 10-хан минутын дотор зарагдаж дууссан гэх тасалбарын үнэ ийнхүү 10 нугалагдан худалдаалагдаж буй нь энэ.
Суудлаасаа хамаарч нэгж тасалбар бүрийн үнэ нь 500-1.5 сая төгрөгт хүрсэн байна. Уг нь тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдсан.
Давхар тасалбарыг нэг иргэн хоёр тасалбар авахаар зохицуулалт хийсэн гэгддэг билээ. Гэтэл нэг иргэнд яагаад ийм олон тасалбар очив гэдэг асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Мөн хэн нэгэн албан хаагчийн ар гэр, хувийн бизнес болсон юм биш биз гэсэн хардлага иргэдийн зүгээс гараад буй. Бид энэхүү эргэлзээг тайлах үүднээс албаны хүмүүстэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч нэг нэг рүүгээ бухсаар тодорхой хариулт мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
НААДМЫН ТАСАЛБАР ХУДАЛДАЖ АВАХААР 400 МЯНГАН ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭЭД ЗАЛИЛУУЛЖЭЭ
Иргэн Н.Б хоёр хоногийн өмнө наадмын тасалбар худалдана гэсэн нэгэн иргэнтэй холбогдсон байна. Энэ тухайгаа ярихдаа “Аравхан минутад худалдагдаад дуусдаг юм гэж байхгүй. Одоо бодоод байх нь ээ нэг но-той л болж таарлаа.
Герман найз маань наадмын үеэр манай улсад ирэх юм. Наадам үзүүлчих санаатай хоёр тасалбар авах гэтэл хулхидуулчихсан. Нэг их цагдаа шүүх гэж яваагүй. Тэгэх ч зав алга. Уг нь нэг нь 200 мянга гэж байсан. Нийтдээ 400-г шилжүүлээд алга болсон. Утсаа унтраагаад байхгүй. Бусдыг нь ч бас битгий хулхидуулаасай гэж хүсэж байна” гэлээ.
Ямартай ч энэ жил наадмын нээлтийг үзэх 12 мянган ширхэг тасалбар гаргасан. Одоо хэд нь эзнийхээ гар дээр очсон, хэд нь шагийн наймаачдын гар дээр байгааг хэлж мэдэхээргүй байна.
Худалдагдсан 12 мянган тасалбарын орлого наадмын үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна Мөн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон аж.