
“Зайрмаг өгсөнгүй” хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар тухайн этгээдийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан шалгасан.
Тэгвэл “Зайрмаг өгсөнгүй” хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг үргэлжүүлэн цагдан хорьж шалгах саналыг прокуророос шүүхэд гаргаж, энэ дагуу шүүхээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.