
ОХУ Афганистаны Эмират улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс боллоо
ОХУ-ын эрх баригчид Афганистаны Эмират улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс болж, талибуудын танилцуулсан Афганистаны Эмират улсын далбааг Оросын нийслэл Москва хотод байрлах Афганистан улсын элчин сайдын яамны барилга дээр мандуулжээ.
Кабулд суугаа ОХУ-ын элчин сайд Дмитрий Жирновын ярьснаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Гадаад харилцааны сайд Сергей Лавровын тавьсан саналын дагуу Афганистаны Эмират улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан ба уг шийдвэр нь Москва Афганистантай харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагаагаа сэргээх хүсэл эрмэлзэлтэйг харуулж байгаа аж.
Талибан хөдөлгөөн 2021 онд Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн анхны улс нь ОХУ болж байгааг Reuters онцолжээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Талибан хөлөлгөөнийг алан хядах байгууллагуудын жагсаалтад оруулсны дараа 2003 онд ОХУ ч мөн адил тус бүлэглэлийг алан хядах байгууллагуудын жагсаалтдаа оруулсан юм.
Талибууд Афганистаны төрийн эрхийг атгаснаас хойш ОХУ талибуудтай хамтран ажиллаж, Талибан хөдөлгөөнийхөн ОХУ-д хэд хэдэн удаа айлчилж, Оросын төрийн албан тушаалтнуудтай уулзсан юм. 2024 онд Оросын парламент алан хядах байгууллагуудын жагсаалтнаас байгууллагуудыг шүүхийн шийдвэрийн дагуу хасах тухай хуулийн төслийг дэмжиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг хуулийн төсөлд гарын үсгээ зурж, баталсан юм.
2025 оны 3-р сард Оросын Ерөнхий прокурор Дээд шүүхэд Талибан хөдөлгөөний ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг цуцлахыг хүссэн нэхэмжлэл гаргаснаар өнгөрсөн 4-р сард шүүх Талибан хөдөлгөөний ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг цуцалжээ.